Томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-01 16:10:23

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж, дэгдэлтийн байдалд хүрч байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгээс зөвлөмжийг хүргүүллээ. Өнөөдрийн бадлаар аймгийн 40 ортой Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 60 шахам хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ачаалал ихэссэнтэй холбогдуулан тус тасгийн өдрийн ээлжийнхэн амралтын өдрөөр ч илүү цагаар ажиллаж байгаа юм байна.

Цаг агаар эрс хүйтэрч буй энэ үед хүүхдээ өвчлөлд өртүүлэхгүй, өвчилсөн тохиолдолд хүндрүүлэхгүй байхын тулд эцэг эхчүүд олон хүн цугларсан газар, хамаатан садан, хамт олноороо нэг дор баяр ёслол тэмдэглэхэд бага насны хүүхдээ авч явахгүй байхыг зөвлөлөө.

Мөн ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дараах зөвлөмжийн дагуу арга хэмжээ авахыг анхаарууллаа. Тодруулбал, Гэрт 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх, гэрт чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, халуун аарц, чацаргана, аньс, хярам гэх мэт шингэн зүйл байнга уулгах, амин дэмээр баялаг хоол хүнс идэх, хоолой залгиурыг давс содын уусмалаар зайлах, дулаан хувцаслах, цэгэн иллэгийг тогтмол хийхийг зөвлөж байна. Түүнээс гадна ханиаж найтаахдаа амаа дарах, амны хаалт зүүх, гараа бохирдсон түхай бүрт нь тогтмол савандаж угаах, дур мэдэн антибиотик эм хэрэглэхгүй байх, шаардлагатай тохиолдолд яаралтай эмчид хандаж, зөвлөгөө авах, эмчлүүлэх хэрэгтэй хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ