Холливудын домогт жүжигчин Дебби Рейнольдс охиноосоо нэг хоногийн дараа нас барлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-29 09:51:43

ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/. “Оддын дайн” цуврал киноны гүнж Лея-гийн дүрээрээ алдаршсан Америкийн алдарт жүжигчин Кэрри Фишер нас нөгчсөнөөс нэг хоногийн дараа буюу лхагва гарагт түүний ээж болох жүжигчин Дебби Рейнольдс нас баржээ.

Холливудын домогт жүжигчин 84 настай Дебби Рейнольдс тархинд нь цус харвасны улмаас лхагва гарагт Лос-Анжелес хотын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгал хураасан байна. Тэрбээр 1952 онд “Singin' in the Rain” мюзиклд бүтээсэн дүрээрээ алдаршиж байжээ.

Түүний охин болох “Оддын дайн” киноны гүнж Лея-гийн дүрийг бүтээсэн К.Фишер энэ долоо хоногийн мягмар гарагт 60 насандаа нас барсан юм.

Рейнольдсын хүү Тодд Фишер мэдэгдэл хийхдээ “ээж маань одоо Кэрритэй хамт байгаа. Бидний хайртай хүмүүс ар араасаа бурхны орон руу одож, бид маш том гарз хохирол амслаа” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Керригийн үхэл ээжид “маш хүнд цохилт” болсон” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ