Онцлох хүүхдүүдийг есөн номинациар шалгаруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өнөөдөр хүлээн авч уулзан, “Онцлох хүүхэд” өргөмжлөл, “Шилдэг хүүхэд” медалийг гардууллаа.
1991 оноос хойш Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээр тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Онцлох хүүхэд”-дэд нийт 21 аймаг, 9 дүүргээс шилдэг 115 хүүхдийн материал ирсэн бөгөөд үүнээс есөн номинацид 20 хүүхдийг тодруулжээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас оны онцлох хүүхдийг хэрхэн шалгаруулсан талаар тодруулахад “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин хүүхэд бүрийн онцлог, бусдын төлөө гэсэн чин сэтгэлийг түлхүү харсан. Нийгэмд муу муухайгаасаа илүү сайн үйл олон байдаг юм шүү гэдгийг хүүхдүүд маань харуулж чадлаа” гэсэн юм.
Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд таван настайгаасаа дуулж, долоон настайгаасаа ая зохиож, 8 настайдаа нотолж сурсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Өнөржаргал, Ази тивийн даамын 3 удаагийн аварга Э.Хүслэн, Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван төрлөөр алтан медаль хүртэн, нэг төрөлд нь рекордын эзэн болсон Э.Пүрэвжав, “Баярлалаа” сайн үйлсийн аяныг зохион байгуулж 1,2 сая төгрөгийн хандив цуглуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Бүрэнчөдөр, Ардын уламжлалт тоглоом наадгайнуудыг үе тэнгийнхэндээ заан сургаж, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч Х.Мөнхшагай, Галын аюулаас иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн 12а ангийн сурагч С.Амарзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн 7в ангийн сурагч Д. Бямбадорж нарын шилдэг сурагчид байлаа.
Б.Туул