Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхэд МХЕГ, МҮЭХ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-27 09:15:45

МХЕГ болон МҮЭХ өчигдөр буюу энэ сарын 26-нд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдын мэдлэг ур чадвар, ажиллах нөхцөлийг сайжруулахаар тусгасан байна.

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Ирэх онд цалин хөлс нэмэх боломжгүй байгаа. Тиймээс ирэх жил одоо байгаа ажлын байрыг хадгалах, цалин хөлсийг цаг тухайд нь олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах нь бидний зорилт” хэмээв.

МХЕГ-ын хувьд ирэх онд эрсдэл ихтэй буюу барилга, уул уурхай зэрэг салбарт аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэхлэхийн тулд анхаарч ажиллана гэдгийг тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү онцлов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ