С.Батболд: Гаднаас орж ирж буй халаалтын хэрэгслийг татвараас чөлөөлж үнийг бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон НЗДТГ хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид НЗД С.Батболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Хотын дарга Нийслэлийн статусыг шинэчлэх чиглэлд идэвхтэй ажиллаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн зорилго, ач холбогдлыг танилцуулна уу?
-Миний өмнөө тавьсан томоохон зорилтуудын нэг нь нийслэлийн эрхзүйн байдлыг дээшлүүлэх асуудал. Өнөөдрийн статусаар нийслэлийн 340 мянган хүн амтай дүүрэг нэг сумтай ижил түвшинд байна. Гэтэл нэг суманд 3000 хүн амтай байдаг. Ийм байдлаар бид хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын төлөвлөлт, шилжин ирэгсэд зэрэг бүхий л асуудлыг УИХ, Засгийн газар арай өөр байдлаар харах шаардлагатай байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдснаас хойш нэмэлт, өөрчлөлт ороогүй. Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш том байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлт өсч ирсэн тул хуульд өөрчлөлт оруулах шаардага бий болсон. Хууль батлагдснаар Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тухайлбал, хот өөрийн гэсэн дүрэмтэй болно. Орон нутгаас нийслэлд ажиллаж, амьдрахаар ирж буй иргэд ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгийг ч хуульчилна. Иргэд өөрийн амьдралын эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн тул Хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, оролцоогоо хангахаас эхлээд олон асуудал бий.
УИХ-ын ирэх хаврын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Өвлийн улирал болж, утааны оргил цаг эхэлсэн. Өнөөдөр нийслэлийн иргэд төв талбайд утааны эсрэг жагсаж байна. Та жагсаалд очих уу?
-Манай холбогдох албаныхан бүгд очно. Энэ жагсаалыг бид дэмжиж байгаа. Хүмүүс өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, эрхээ хамгаалахын төлөө ажиллана гэдэг сайн зүйл. Бүгд утааны эсрэг тэмцэж, хүн бүр ямар үүрэг, хариуцлагатай байх вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тухайлбал, их хэмжээний утаа ялгаруулдаг автомашинтай бол түүнийгээ солих, автомашины дугуйг түлшинд хэрэглэж байгаа иргэд тэрийгээ зогсоох зэргээр бүгд хамтран ажиллах нь энэ асуудлыг шийдвэрлэх эхлэл юм. Ерөнхий сайдын ахалсан Агаарын бохирдлыг бууруулах хороо ажиллаж байгаа. Уг хороо агаарын бохирдлыг бууруулах арга, тактикаа боловсруулсан. Тухайлбал, гаднаас орж ирж буй халаалтын хэрэгслийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх, үнийг бууруулах арга хэмжээ авна. Хамгийн гол нь гэр хорооллын цахилгааны шинэчлэлийг хийх хэрэгтэй. Мөн түүхий нүүрс борлуулах цэгийг хязгаарлах зэргээр агаарын бохирдлын эсрэг бүхий л талаар тэмцэнэ. 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд өрхийн эмнэлгүүдээр дамжуулан амны хаалт тарааж байгаа. Иргэд ч өөрөө өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх хэрэгтэй.
-Их утаатай үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт зохицуулалт хийх шаардлага бий болж байгаа байх?
-Боловсролын хуулиар хоёр тохиолдолд хүүхдийн амралтад зохицуулалт хийдэг. Нэгдүгээрт бүх нийтэд тохиолдсон гамшгийн үед. Хоёрдугаарт халдварт өвчин тархсан үед. Бид энэ асуудлаар БСШУЯ-нд санал тавьсан. Яамнаас утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрвэл амралтад зохицуулалт хийнэ гэсэн. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-нийг дуустал бүх нийтээр амарна. Үүний дараа сурагчдын амралтыг сунгах эсэхийг Засгийн газартай ярьж байгаад шийдэхээр төлөвлөж байгаа.
-Хотын дарга нар хэмнэлтийн горимд шилжиж, шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэдэг болох тухай мэдээлэл гарсан. Нийслэл хэмнэлтийн горимд шилжсэн үү. Тухайлбал та ямар автомашин ашиглаж байна вэ?
-Нийслэлийн өмчид цахилгаанаар ажилладаг хоёр эко автомашин бий. Хотын даргын хувьд Приус 20 маркийн автомашин унаж байна. Хөдөө ажлаар явах үедээ том тэрэг мэдээж унана. Ер нь бол хэмнэлтийн горимд шилжиж байгаа. Цаашдаа төрийн албан хаагчид нэг өдөр автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриална. Энд МОНЦАМЭ агентлагийг хамтран ажиллахыг хүсч байна.
-НЗД-ын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танилцуулна уу?
-Миний мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь хүн. Хотын төвөөс эхлээд алслагдсан дүүрэгт амьдарч буй хүн бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал.
-2017 оны төсөв маш хүнд батлагдсан. Нэг ч бүтээн байгуулалтын ажил хийхгүй гэсэн цуурхал тархсан. Энэ тал дээр та зөв мэдээлэл өгнө үү?
-2017 он бол улс орны хэмжээнд хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид хотын дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд 160 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, 30 орчим сургууль, долоон цэцэрлэг шинээр барих, автозамуудын уулзваруудыг шинэчлэх, Сэлбэ гол дагуу 3 км газарт амралт зугаалгын бүс байгуулах, Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг олон ажил бий. Бага мөнгөөр их зүйл хийх үүрэг ногдож байгаа.
-Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК)-иар дамжуулан иргэдийг орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлэх боломжтой юу?
-Иргэдийг орон сууцжуулах ажил бол үе үеийн хотын даргын хамгийн том зорилт байсан. Улаанбаатар хотын анхны дарга эсгий хотыг хэрхэн орчин үеийн болгох вэ гэж бодож байсан байх. Миний буюу 32 дахь даргын үед энэ асуудал хэвээрээ л байна. НОСК нь иргэдэд ямар стандарттай, үнэ өртөгтэй орон сууцны бодлого хэрэгжүүлэх вэ, одоо байгаа борлуулалтгүй байруудыг хэрхэх вэ гэх мэт шийдвэрлэх олон асуудал байна. Түүнээс биш хувийн компаниудтай зэрэгцээд орон сууц барихгүй. Хоёрдугаарт Азийн хөгжлийн банктай хамтран Орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад буй хамгийн том асуудал бол өндөр үнэтэй орон сууц, орлого багатай иргэд. Тиймээс иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг барих ажлыг нийслэлийн нөхцөл байдалд хэрхэн нийцүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Түүнээс биш төсвөөс их хэмжээний мөнгө аваад барилга барьдаг байгууллага байх ёсгүй. Томоохон улс орнууд эхлээд талбай багатай, гэхдээ иргэдийнхээ амьдралын хэрэгцээг хангахуйц орон сууцаар эхэлдэг. Дараа нь улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын боломж нэмэгдээд ирэхээр байр орон сууцны зэрэглэл арай сайжрах зэргээр шат дараалсан арга хэмжээ авдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт барьж буй орон сууцуудын дийлэнх нь 3-4 өрөө, 200 сая төгрөгөөс өндөр үнэтэй байна. БНСУ л гэхэд орлогод нийцсэн орон сууцны бодлогоо 19 м2 талбайгаас, Сингапур 29 м2 талбайгаас эхэлдэг. Улаанбаатар яагаад 30-40 м2 талбайгаас эхэлж болохгүй гэж. Бид үүнийг хийхийн төлөө ажиллана.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал