Дарга нар цалингаасаа илүүчилж цэцэрлэгүүдэд хивсэнцэр авч өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-22 17:12:11

Увс аймгийн Улаангом суманд төрийн өмчийн есөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайн цэцэрлэгүүдийн анги танхимын хивсэнцэр муудаж, элэгдэж цоорсон тул солих шаардлагатай байгаа аж.

Гэвч цэцэрлэгүүдийн төсөв хүрэлцэхгүй байгаа тул аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд санаачлага гаргаж албан газрын дарга, эрхлэгч нарыг сар бүр цалингаасаа 20-100 мянган төгрөг хандивлахыг уриаллаа. Энэхүү хандивын аян энэ сараас ирэх оны 9-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар сард 1,8-2 сая төгрөг цуглуулж, есөн цэцэрлэгийн анги танхимд ээлж дараагаар хивсэнцэр авч өгөх аж. Тэрбээр өөрийнхөө цалингаас сар бүр 100 мянган төгрөг өгөхөөр болсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг ч мөн тус аянд татан оруулахаар болсон байна. Хамгийн эхэнд Улаангом сумын 1-р баг болох аймгийн төвөөс 3 км алслагдсан Чандманий цэцэрлэгт туслахаар болжээ. Энэ сарын хандив болох 1,8 сая төгрөгөөр тухайн цэцэрлэгийн хамт олон дөрвөн ангийнхаа шалыг битүү хивсэнцэртэй болгох юм байна.

Саяхан Улаангом сумын 5-р цэцэрлэгийн хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүд тухайн ангийг битүү хивсэнцэртэй, камертай болгохоор хүн тус бүрээс 80 мянган төгрөг цуглуулсан байна. Энэ асуудал нь хэл ам дагуулсан тул мөнгө хураах ажлыг аймгийн орлогч дарга болиулжээ. Иймээс тэрбээр энэхүү санаачлагыг гаргаад байна.

“Албан газрын дарга эрхлэгч нар нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хувиасаа мөнгө гаргаж, цэцэрлэгүүдийг тохижуулах шаардлагатай байна. Бид өөрсдөө үлгэрлэхгүй бол төр засгаас мөнгө хараад нэмэргүй. Аймгийн удирдлагууд цалингаасаа илүүчилж байхад бид бас оролцох хэрэгтэй хэмээн ард иргэд маань ухамсарлана шүү дээ” хэмээн Ц.Батболд дарга хэлсэн юм.

Тэрбээр хөдөө багийн хүүхдүүд олноор суралцдаг Чандманий Ахлах сургуулийн дотуур байранд гэртээ илүү байсан Солонгосын бүрэн автомат угаалгын машиныг бэлгэлжээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ