Берлиний халдлагатай холбогдуулан тунис залууг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-22 08:29:52

БЕРЛИН. /Reuters/. Энэ долоо хоногийн даваа гарагт ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн хэрэгт холбогдуулан 24 настай, тунис залууг Германы цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинтай этгээд дайран орсон билээ. Уг халдлагын үеэр 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

Германы мөрдөн шинжээчид лхагва гарагт сэжигтэн Анис Амри гэгчийн гэрэл зургийг нийтэд дэлгэн харуулжээ. Ачааны машин дотор түүний иргэний үнэмлэх байсан аж.

Түүнийг баривчлахад тус дөхөм болсон мэдээлэл өгсөн хүнд 100 мянга хүртэлх еврогийн шан амлаж байна.

Мөрдөн байцаагчдын хэлснээр, сэжигтэн Амри өнгөрсөн оны долдугаар сард Герман руу нэвтэрч, орогнох эрх олгохыг хүсчээ.

Сэжигтэн Берлин хотод болон тус улсад хаа сайгүй амьдарч байсан аж. Холбогдох албаны хүмүүс түүнд энэ оны зургадугаар сард орогнох эрх олгохоос татгалзжээ.

Уг халдлагыг болохоос өмнө Амри-г лалын хэт даврагчидтай харилцаа холбоотой байсныг аюулаас хамгаалах хүчнийхэн олж тогтоогтоод, хараа хяналтандаа авсан байсан гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ