Г.Мөнхбаяр: 4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсов.
Өнгөрсөн оны байдлаарманай улсын нийт 859.1 мянган өрхийн 30 орчим хувь нь Улаанбатар хотод оршин сууж байна. Нийслэл дэх 376.4 мянган өрхийн 42 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа гэсэн тооцооллыг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. 2014 оны судалгаагаар 2014-2018 оны хооронд нийслэл хотноо жил бүр 40 мянган шинэ орон сууцны эрэлт үүснэ гэж тооцжээ. Орон нутаг дахь орон сууцны эрэлт, хэрэгцээг тооцсон талаарх судалгааг мөн тэрээр мэдээлэлдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Улаанбаатар хот дахь орон сууцны хэрэгцээг задлаад үзэхээр нийт эрэлтийн 90-94 хувь нь 80 м2 хүртэлх талбайтай орон сууц эзэлж байгаа бол 6-10 хувь нь 80м2-200м2 хүртэлх талбайтай орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг байна. Үнийн хувьд нийт хэрэглэгчдийн 73 хувь буюу 150 мянга орчим өрх 1м2-ын үнэ 1.5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй орон сууцуудыг сонирхсон талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн оны тоон мэдээллээр улсын хэмжээнд жилд 22766 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд нийлүүлэлтийн хэмжээ 4.2 дахин нэмэгдсэн гэв. Орон сууцны сан нэгдсэн дүнгээрээ Монгол Улсад 14.4 сая м2 болсон аж.
Салбарын бүтээн байгуулалт, эрэлт нийлүүлэлтийн үзүүлэлт ийм байгаа хэдий ч нийслэл дэх нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Харин үлдсэн 70 хувь нь шинээр орон сууц авах, дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа гэсэн судалгааг мөн гаргажээ.
Монголбанкнаас санхүүжүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 88000 өрхөд 4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. 2016 оны 10 дугаар сарын дүнг үзвэл арилжааны банкуудаар дамжин 672 иргэн шинээр ипотекийн зээл авчээ. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн асуудлаар холбогдох газруудтай уулзаж, ажиллаж байгааг Г.Мөнхбаяр сайд дуулгаад нэлээд нааштай үр дүн гарч байгааг мэдээлэв. Монголбанк холбогдох шийдвэрийн хүрээнд сард 30-35 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ нь сард дунджаар 600 айл өрхөд шинээр зээлд хамрагдах боломжтой гэв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын дүнг нэгтгэн харвал ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай байдаг бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувьтай байгаа аж. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох яамд санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлж байгаа талаар мэдээлэл хийв. Түүнчлэн түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар танилцууллаа. Төрийн өмчийн түрээсийн 725 айлын орон сууц нийслэлд байгаа бөгөөд түрээслэгдээгүй үлдсэн орон сууцууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс том учир уг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг хийсэн гэв.
Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өндөр үр дүнтэй хэрэгжиж буй орон сууцны ипотекийн зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хороонд хандвал дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.