Нүүр цэвэрлэгч шингэн хэрэглэсний улмаас Эрхүү хотод 25 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2016-12-19 16:15:39

ЭРХҮҮ./TASS/. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Эрхүү хотын захуудад борлуулж байсан "Боярышник" гэдэг нүүр цэвэрлэгч шингэнийг хураан авч байна. Спирт агуулсан уг гоо сайхны бүтээгдэхүүнийг согтууруулах ундаа болгон ууж хэрэглэсний улмаас 25 хүн нас барсан ноцтой хэрэг гарчээ.

Уг бүтээгдэхүүнийг нийтдээ 42 хүн хэрэглэсэн бөгөөд тэд бүгд Эрхүүгийн Ново-Ленино гэдэг дүүргийн оршин суугчид юм. Энэ шингэнийг ууж хэрэглэж болохгүй гэсэн анхааруулга шошгон дээр нь байсан аж. Гэвч зарим иргэд уг бүтээгдэхүүний найрлагад этилийн спирт бус харин өтгөрүүлсэн метилийн спирт байсныг анзааралгүйгээр уужээ.

Оросын мэргэжлийн хяналтын “Роспотребнадзора” байгууллагын хэвлэлийн алба мэдээлснийг үзвэл, уг шингэн дэх химийн бодисын агууламжийг одоогоор бүрэн тодорхойлоогүй байна.

Энэ хэрэгт холбогдуулан "Боярышник"-ийг борлуулж байсан хоёр хүнийг цагдаа нар баривчилжээ. Мөрдөн байцаагчдын ярьснаар, спиртийн агууламжтай уг шингэнийг 100 гаруй газарт борлуулсан байж магадгүй аж.

Биеийн байдал нь хэвийн болсон иргэдээс мөрдөгчид байцаалт авч байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ