Галын дуудлага ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 12:16:54

ОБЕГ-ын харьяа нийслэл болон орон нутгийн ОБГ-уудад объектын гал түймрийн дуудлага ирэх нь ихэссэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжийн 50 тоотод “Сайхан” нэртэй хувийн цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 18-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 7 дугаар гудамжийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай,  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орцны зоорийн давхарт автомашин болон цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг мөн 18:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж  тухайн галуудыг унтраан утаажилтын бүсээс тус байранд оршин суудаг 150 иргэнийг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 82 дугаар гудамжийн 12 тоотод уурын зуух шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай очиж унтраажээ.  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5 дугаар гудамжийн 20/А тоотод шатаж байсан байшин болон тус  дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжийн 31 тоотод шатсан гэрийг ч унтраасан байна. 

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Найрамдлын хороо, 4 дүгээр гудамжийн 8 тоотод байшин шатсан бол Баян-Өлгий аймгийн Архуст  сумын Хөх хад багийн 31 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн Е-ын улсын дугаатай Портер загварын автомашин шатсаныг ч унтраажээ. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээгийн уурхайн нүүрс хатаах цехед гал гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай шуурхай очиж унтраасан байна.

Энэчлэн ахуйн чанартай гал түймэр нэмэгдэж буй тул иргэдийг өөрсдөө сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ