“Хүүхдийн эрх ба тулгамдсан асуудал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВОлон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбараас хамтран “Хүүхдийн эрх ба тулгамдсан асуудал” эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан байна.
Уралдаанд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-аар ангийн 24 сурагч хамрагдсан ажээ. Тэргүүн байрыг Хүмүүн цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Б.Бямбадулам хүртсэн бол дэд байрыг 12в ангийн сурагч Б.Дамчаабадгар тус тус эзэлсэн юм. Харин 11б ангийн сурагч Э.Жаргалсайхан нь гуравдугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнийг өндөрлөсөн гэдгийг Зуунмод сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Цэцэгээ хэлсэн юм.
Уг эсээ бичлэгийн уралдааны гол зорилго нь Зуунмод сумын хүүхэд залуучуудын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготойгоор хэрэгжсэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлалаа.
Сурагчдын зүгээс бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл аюулгүй орчинд амьдрах сурч боловсрох эрх олноор зөрчигдөж байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан бөгөөд уралдаанд орсноор хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн талаар олон талын мэдлэг мэдээлэлтэй болсон гэдгээ сурагчид онцолж байсан юм.
Т.Есүхэйтөмөр