ЕХ-Кубын харилцаа хэвийн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-13 16:01:26

БРЮССЕЛЬ. /NHK/. Европын Холбоо /ЕХ/ 20 жилийн өмнө Кубын эсрэг авсан улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлах шийдвэр гаргалаа.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини болон Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес нар өчигдөр Брюссельд уулзсан байна.

Тэд улс төрийн яриа хэлцээ хийж, худалдаа болон хөрөнгө оруулалт хийх замаар хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Үүний зэрэгцээ Ф.Могерини Кубын удирдагч Фидель Кастро нас нөгчсөн явдалд эмгэнэл илэрхийлжээ. Мөн тэрбээр хэлэхдээ, хоёр талын харилцаанд АНУ-ын бодлого нөлөөлөхгүй гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамп Кубатай дипломат харилцаагаа сэргээснийх нь төлөө Ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилж байсан юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ