Европын Холбоо болон Куба улс түүхэнд анх удаа хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-12 18:22:17

БРЮССЕЛЬ./TASS/. Европын Холбоо /ЕХ/ болон Куба улс "Улстөрийн яриа хэлэлцээ ба хамтын ажиллагааны тухай гэрээ" /харилцааг хэвийн болгох хэлэлцээр/ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Брюссель хотод болж, ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини, Куба улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья нар оролцсон байна.

“Түүхэнд анх удаа ЕХ ба Кубын хооронд байгуулсан энэхүү хэлэлцээр нь улстөрийн яриа хэлэлцээг улам идэвхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэж ЕХ-ны Зөвлөл мэдэгджээ. Уг баримт бичигт гарын үсэг зурах шийдвэрийг тус Зөвлөл энэ сарын 6-нд гаргасан юм.  

“Хоёр талын харилцаа эргэлтийн үедээ ороод байна. Европын Холбоо энэ гэрээгээр дамжуулан Кубын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд бэлэн байна” гэж хатагтай Ф.Могерини онцлон тэмдэглэлээ.

Яриа хэлэлцээ ба хамтын ажиллагааны гэрээг байгуулахын тулд талууд 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд долоон үе шаттай хэлэлцээ хийсэн байна. Одоо уг гэрээг Европын парламент соёрхон батлах ёстой юм.

Х.Сарнай  

Холбоотой мэдээ