Ш.Баянмөнх, Т.Батнасан нар ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-14 11:04:54

Грек улсын Афин хотноо энэ сарын 13-18-нд болж байгаа чөлөөт бөх, сонгомол барилдааны ахмадын 17 дахь ДАШТ-манай 2 тамирчин хүрэл медаль хүртээд байна.

Тус тэмцээнд Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг 40 гаруй орны ахмад бөхчүүд хүчээ сорьж байна. Тэмцээн 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг жин тус бүрд A, B, C,D, E, F, G насны ангилалд шилдгээ тодруулж байна.

Ахмадын ДАШТ-ий хөтөлбөрт анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг жинд хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Энэ удаагийн ахмадын ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн В буюу 41-45 насны ангилалд 58 кг-д Төмөрбатын Батнасан нэгдүгээр тойрогт Японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд Туркийн бөх Ерсин Басарыг 10:2 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн тавцанд гарлаа. Харин В ангиллын 130 кг-д ОУХМ Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт Ираны бөх Мохаммад Эбрахими Акбарпурид 0:11 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Туркийн бөх Миктад Биберийг 5:1, медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Георге Портерийг 4:2 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээний бөхчүүдийг A - 35-40 нас, B - 41-45 нас, C - 46-50 нас, D - 51-55 нас, E - 56-60 нас, F - 61-65 нас, G - 66-70 нас гэсэн ангилалд багтаасан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ