Агаарын бохирдолд бага насны хүүхэд, том хүнээс 2 дахин их хорддог

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-12-07 15:12:17

“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” тайлангийн нээлт "Шангрила” зочид буудалд боллоо.

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэгт тоосонцорын /РМ2.5/ зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой байх бөгөөд цаг алдалгүй арга хэмжээг авах шаардлагатайг өнөөдөр гарч буй НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд онцолжээ.

“Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учир хотын хүүхдүүд бохир агаараар илүү амьсгалж амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг. Монголд 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байна. Энэ нь эх нялхасын эндэгдлийн 15 хувийг эзэлдэг. Ханиад хүндэрч хатгалгаа болоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь агаарын бохирдол. Бидэнд зүгээр суух эрх байхгүй” гэж Монгол дах НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  болон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Тиймээс “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг УИХ, Засгийн газарт танилцуулан Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулах, гаднаас импортлож байгаа хуучин автомашины татварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, ард иргэдийн дунд хуучин машины хэрэглээний хор уршгийн талаар таниулах, нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай юм. Энэ үед НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг бодитой батлан харуулах тайланг гаргах нь чухал юм. БОАЖЯ-наас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах,  нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын чанарыг сайжруулах  бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн нүүрсний хэрэглээг хязгаарлах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна” гэв.

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг уг тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоотой дурдсан байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ