Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарим төлөөлөгчид шүүмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭАН-ын VI Их хурал хаалттай горимд үргэлжилж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Тэрбээр "Энэ удаад Их хурлаар намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Төслийг Их хурлаар дэмжин баталсан нөхцөлд маргаашнаас эхлээд орон даяар намын даргыг тодруулах сунгаа эхэлнэ. Улмаар ирэх гуравдугаар сард Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаа батална" гэв.
Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан заалтуудаас сонирхуулбал "АН нь Үндсэн дүрмийн хороотой байх бөгөөд түүн дотроо Ёс зүйн хяналтын хороо, Санхүүгийн хороо багтаж ажиллах аж. Тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдана. Мөн намын даргыг сонгох сонгууль нь бүх шатанд гишүүдээс санал авч байж, тодрох юм. Намын даргад нэр дэвшигч нь гишүүдийнхээ саналыг авах зорилгоор мөнгөн ба эд хөрөнгийн шинжтэй амлалт өгөх, гишүүдийн саналыг худалдан авахыг хориглоно. Нэр дэвшигчийн рейтинг тогтоох санал асуулга явуулах, санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг хориглоно" гэжээ.
Хурлын эхэнд төлөөлөгчдийн зүгээс нэгэн шүүмжлэл гарсан нь Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь өнөөдөр өглөө тараасан учир танилцах боломж олгосонгүй гэж байв. Мөн марафоноор сонгогдсон намын даргад ихээхэн эрх мэдэл очих ч хариуцлагын заалт байхгүй байгааг шүүмжиллээ. Тухайлбал, "Намын дарга Их хурлаа зарлан хуралдуулаагүй тохиолдолд Үндсэн дүрмийг баримтлан намын даргыг огцорсонд тооцно" гэж заасан байсан ч төсөлд тусгаагүй аж. Энэ мэт дүрмийн төсөлтэй санал зөрөлдөх, шүүмжлэх төлөөлөгчид цөөнгүй байлаа.
АН-ын VI Их хурал 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Н.Гантуяа