Сингапур улс дунд боловсролын чанараар дэлхийд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-12-07 11:54:41

СИНГАПУР. /Reuters/. Математик, уран зохиол болон байгалийн ухааны хичээлийн сорилуудад дунд сургуулийн сурагчид нь хамгийн өндөр үнэлгээ авснаар Сингапур улс боловсролын стандартаар дэлхийд нэгдүгээрт оржээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/  “Pisa” гэдэг чансааг 70 гаруй улсын 15 хүртэлх насны сурагчдаас авсан тестэд үндэслэн гаргадаг байна.

Сингапур, Хонконг, Макао, Тайвань, Япон, Хятад болон Өмнөд Солонгос гэсэн Азийн долоон улс болон засаг захиргааны тусгай бүс боловсролын чансаагаар эхний долоон байрт жагссан нь Азийн орнуудын боловсролын тогтолцоо сайн байгааг харууллаа гэж OECD-ын Боловсролын асуудал хариуцсан захирал Андреас Шлейхер хэллээ.

Сингапур бол 1965 онд тусгаар тогтносон хот улс юм.

Азийн энэ жижиг улс эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулахын тулд боловсролын салбарт ихээхэн ач холбогдол өгсөөр иржээ.

Азийн хамгийн ядуу улсуудын нэг байсан олон үндэстний Сингапур улс өнөөдөр Европ, Хойд Америк болон Азийн чинээлэг улсуудыг гүйцэж түрүүлэн боловсролын чанараар дэлхийд нэгдүгээрт орж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ