БОАЖЯ биологич эрдэмтдээ сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-12-06 18:11:57

БОАЖЯ-наас ан амьтан, ургамлын асуудлаар эрдэмтдийн саналыг сонсч, төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж “Биологич эрдэмтдээ сонсъё” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон МУИС, МУБИС, ХААИС, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ан амьтан, ургамлын баялгийн нөөц, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлэв.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, “Бид нэн ховор, ховор амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөөцийг тогтвортой ашиглах, боломжтойг нь нөхөн сэргээх зорилт тавин ажиллаж байна. Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон тулгамдсан асуудал бий. Манай оронд уур амьсгалын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн болон хөрсний элэгдэл эвдрэл, хүн ам, мал сүргийн төвлөрөл нь амьтан, ургамлын нөөцөд бодитой аюул учруулж байна. Цаашид байгалийн ургамлын тухай 1995 онд баталсан хуулийг шинэчлэх, улмаар амьтан, ургамлын тархац нөөцийг тогтож, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх, тэдгээрийг судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр ШУА, МУИС-тай байгуулсан гэрээгээ шинэчлэх бэлтгэл хийж байна” гэв.

МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайхан: Ховор, нэн ховор гээд нэрлээд байгаа амьтан ургамлаа ямар үндэслэлээр энэхүү шалгуурт оруулсныг тодорхой болгох хэрэгтэй. Хүмүүс ховор, нэн ховор ангилалд хамаардаг төрөл зүйлийг ялгаж салгаж ойлгодоггүй. Үүнээс гадна малчид өвөл болохоор малаа харж ханддаг ч ан амьтдаа тэр бүр тоодоггүй. Иймээс ан амьтдыг хариуцах эзэнтэй болгох талаар тодруулж өгөхийг хүсэв.

МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш Ш.Даариймаа: Манай улсад 1970-1990 онд судалгааг маш сайн хийж, судалгааныхаа үр дүнг хэрэглээ болгон ашигладаг байсан. Харин одоо судалгааны үр дүнг хэрэглээ болгон ашигладаг газар байхгүй. Үүнээс гадна эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хоорондын улдаа холбоог бэхжүүлэн ажиллах ёстой.

Мөн тус сургуулийн багш, доктор, дэд профессор, ургамал судлаач Б.Оюунцэцэг “Монголын Улаан дансанд нэн ховор 148 ургамал, 355 ховордсон ургамал бүртгэлтэй байдаг. Гэвч энэхүү жагсаалтыг харахад нэн ховор биш ургамлууд нэн ховор төрөл зүйлд хамаарсан байдаг. Иймээс манай улс Гербарын сантай болох хэрэгтэй.

Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг яамандаа уламжилж, энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалав.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ