Бэлчээрийн 90 гаруй хувь нь 3 жилийн дотор сэргэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-12-06 14:03:29

Манай улсын бэлчээр нутгийн 65 хувь доройтолд өртсөн. Бэлчээрийн доройтол нь байгаль цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буйг “Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний зөвлөгөөний үеэр хөндлөө.

Зөвлөгөөнд оролцогчид бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх, бэлчээрийг байгалийн жамаар нь сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Монголын Бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ, “Бэлчээрийн доройтол нь байгаль цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Тухайлбал, уул уурхайн хариуцлагагүй ашиглалт, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагаа алдагдсан зэргээс бэлчээрийн дорйтолд хүрч байна. Цаашид орон нутагт малчдын зохион байгуулалтыг дэмжсэнээр бэлчээрийг сэргээн сайжруулах боломжтой. Ингэснээр бэлчээрийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээнд 1-3 жилийн дотор сэргэх боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Бэлчээрийг сэргээн сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа туршлага олон бий. Баруун аймгуудын хэмжээнд энэ туршлагууд илүү байна. Төрийн байгууллагууд нь бэлчээрийн сэргэлт, доройтлыг хянадаг, үнэлдэг боллоо. Завхан аймагт малчид эр сувай малаа алсын оторт гаргадаг боллоо. Архангай аймаг болон сарлагтай нутгуудад малчид хамтарч сарлагаа самнадаг болсон. Самнасан хөөвөр нь ноолууртай тэнцэх нарийн микронтой түүхий эд болж байна. Түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна. Архангай аймгийн зарим суманд малчид үлийн цагаан оготныг устгахад хамтарч ажиллаж байна. Ингэснээр 100 хувь устгаж чадсан олон сайн туршлага бий” гэв.

Гагцхүү одоо бий болгосон мэдлэг, сайн туршлага дээрээ үндэслээд ажиллах л хэрэгтэй. Ингэж ажиллахад малчид болон төрийн аль аль талыг хариуцлагажуулах, бэлчээрээ зүй зохистой ашиглаж байгаа малчид, менежмерүүдийг урамшуулдаг, бэлчээр нутгаа цөлмөн доройтуулж байгаа хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирдлага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм илүү чухал байгаа гэлээ. Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар энэхүү хариуцлагажуулах механизмыг ажиллуулах боломж бүрдэх юм

ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Газрын харилцаа геодизи, зураг зүйн газар хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөөнд аймаг сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын дарга, Газрын даамал мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын ахлагч зэрэг нийт 130 гаруй төлөөлөгч оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ