36 кг алт тэвэрсэн хулгайч олон хүнтэй гудамжаар бүтэн цаг алхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-02 11:48:39

НЬЮ-ЙОРК./BBC/. Банкны бэлэн мөнгө зөөдөг хуягласан автомашин дотроос 36 кг алт бүхий дугуй төмөр савыг хулгайлсан эрэгтэй хүнийг Америкийн цагдаа нар хайсаар байна.

Энэ хэрэг 9 дүгээр сарын 29-ний өдөр Манхэттэний хөл хөдөлгөөн ихтэй Мидтаун гэдэг дүүрэгт гарсан боловч хэдхэн хоногийн өмнө энэ тухай мэджээ. Хулгайд алдагдсан алтыг мөнгөөр үнэлбэл 1,6 сая доллар болох аж.

Ажиглалтын камерт үлдсэн бичлэгийг үзвэл, хуягласан автомашиныг харж хамгаалах хүнгүйгээр орхисон мөчийг ашиглан нэгэн эрэгтэй 20-хон секундын дотор алттай савыг хулгайлж амжжээ. Тэрбээр савтай алтыг тэврээд дааж ядан явж, 10-хан минутын газрыг бүтэн цаг гаруй хугацаанд туулж байгаа нь камерт бичигдэн үлдсэн байна.  

Хулгайч эр олон хүн хөлхөлдсөн гудамжаар явж байх үедээ үе үе зогсч, амьсгаагаа дарж байгаа нь харагдана.

Одоо энэ хүн Орландо эсвэл Майамид байж магадгүй гэж цагдаа нар таамаглаж байна. Тэрбээр 50-60 настай, Латин Америкийн аль нэг орноос гаралтай, 70 орчим кг жинтэй, 170 см өндөртэй болох нь бичлэгээс харагдана.

Цагдаа нарын үзэж байгаагаар, хамгаалагч нарын нэг нь илгээмжийг хаягийн дагуу хүргэх гээд түр холдсон, нөгөөх нь гар утсаараа ярих гээд кабин дотроо суухдаа арын хаалгаа хаахаа мартсан тэр хэдхэн хоромыг хулгайч ашигласан бололтой.

Х.Сарнай

Холбоотой мэдээ