Аймгийн Засаг даргын гэнэтийн айлчлалд хүүхдийн байгууллага бүдэрлээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-02 01:42:39

Завханы Засаг дарга Д.Батсайхан аймгийн төвийн албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаар байна.

Тэрээр төрийн байгууллагууд дээр урьдчилан очих талаараа дуулгалгүйгээр гэнэт зочилж үйл ажиллагаатай нь танилцаж буй билээ. Тодруулбал ажлын жирийн нэг өдөр төрийн байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж, төрийн албан хаагчид үүрэгт ажлаа ямар түвшинд  гүйцэтгэж байгаатай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг даалгаварыг энэ уулзалтуудаар өгч байгаа юм. 

Харин энэ долоо хоногийн ээлжит танилцах ажлаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучудын хөгжлийн газарт өглөөний 09:00 цагт зочилжээ. Харин энэ үеэр нь тус газрын 14 албан хаагчаас зургаан ажилтан л цагтаа ажилдаа иржээ. Уулзалт 10 цаг 45 минут хүртэл үргэлжлэхэд тус байгууллагын дарга ажилдаа ирээгүй байна.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан: “-Байгууллагын удирдлагууд ийнхүү цагтаа ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэг нь тухайн байгууллагын ажил урагшлахгүй байгааг илтгэж буй юм. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэдэг бол гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн олон үр дүнтэй ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй томоохон байгууллага юм. Хамгийн сүүлд хийсэн стастистик судалгаагаар Завхан аймгийн хэмжээнд 20700 өрх, 0-5 насны хүүхэд 9278, 6-17 насны хүүхэд 15758, 18-34 насны залуучууд 19035 байна. Гэвч эдгээр зорилтот бүлэгрүүгээ чиглэсэн ажлууд эргэх холбоогүй,  бодит үр дүн нь хангалтгүй хийгдэж байна. Тиймээс цаашид  “Хөгжил” гэдэг ойлголтоо зөв тодорхойлж, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн ажлууддаа тодорхой ахиц гаргах хэрэгтэй” хэмээн хатуу сануулж үүрэг даалгавар өглөө.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ