Хөлбөмбөгийн ертөнц уй гашууд автжээ

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-11-30 10:59:35

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./Reuters/. Бразилын хөлбөмбөгийн нэгэн багийн тоглогчдын ихэнх нь Колумбад нисэх онгоцны ослоор амиа алдсантай холбоотойгоор хөлбөмбөгийн ертөнц уй гашууд автаад байна.

Захиалгат нислэг үйлдэж байсан нисэх онгоцонд 77 хүн, тэдний дотор  "Шапекоэнсе" багийн тамирчид сууж явснаас ердөө таван хүн амьд үлджээ.

Тус багийнхан өөрсдийн түүхэн дэх хамгийн том тэмцээн буюу Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байсан юм.

Тэдний өрсөлдөгчид болох Колумбын "Атлетико Насьональ" баг  "Шапекоэнсе" багийнхны дурсгалыг хүндэтгэн "цомын төлөөх тоглолтонд бид ялагдсан” гээд “тэд бол аваргууд” гэж мэдэгджээ.

Мөн тоглолтын цаг болох тэр үед цэнгэлдэх хүрээлэнд цагаан хувцастай хүрэлцэн ирж, "Шапекоэнсе" багийнхны дурсгалыг хүндэтгэхийг “Атлетико Насьональ" багийн удирдлага хөгжөөн дэмжигчдээсээ твиттерээр хүссэн байна.

Дэлхийн алдартай хөлбөмбөгчид, тэдний дотор “Барселона” багийн одод болох Лионель Месси болон Неймар, “Манчестер Юнайтед”-ын Уэйн Руни нар эмгэнэл илэрхийлжээ.

Ослоос амьд үлдсэн таван хүний гурав нь хөлбөмбөгчид аж.

  • Ален Рашель-  "Шапекоэнсе" багийн хамгаалагч, нугасны гэмтэлтэй байна.
  • Хелио Земпер-"Шапекоэнсе" багийн хамгаалагч, гавлын яс болон цээжин тус газраа гэмтэл авчээ
  • Жэксон Фоллмэн--"Шапекоэнсе" багийн сэлгээний хаалгач. Ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байна

Тус багийн хамгаалагч Маркос Падила буюу Данило ослоос амьд үлдсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өөд болжээ.

1973 онд байгуулагдсан "Шапекоэнсе" баг 2014 оноос Бразилын хөлбөмбөгийн дээд лиг буюу “Serie A”-д тоглож эхэлсэн боловч богинохон хугацаанд тус улсын алдартай багуудын өмнө буюу есдүгээрт эрэмбэлэгдэх болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт тус баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хоёр дахь чухал тэмцээн болох “Copa Sudamericana” буюу Өмнөд Америкийн клубуудын аваргын төлөөх  шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болсон юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус тэмцээний финалд Бразилын клуб анх удаагаа үлдсэн нь энэ байлаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ