УИХ, Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 43 дахь дугаар өнөөдөр хэвлэгдлээ.
Шинэ дугаарт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нэмж оруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор Доржийн Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлжээ. Түүнчлэн ХЭҮК-ын даргаар томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэг ажлаас чөлөөлөх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.
Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын ерөнхий газар эзэмшиж байгаа барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаар тусгасан Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах тухай Засгийн газрын тогтоол болон Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай, Төсвийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хууль, УИХ-ын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаархи Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь албан ёсоор нийтэлдэг. Эмхэтгэлд нийтлэгдээгүй хууль, тогтоолыг шүүх байгууллага хэрэглэхийг хориглодог.
Н.Туяа