Ангараг дээр асар том мөсөн хавтан байгааг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-11-29 13:26:18

ВАШИНГТОН. /Sputnik/. Дэлхий дээрх хоёр дахь том нуур болох Дээд нуурын /Lake Superior/ устай тэнцэх хэмжээний асар их хэмжээний мөс Ангараг гараг дээр байгааг НАСА агентлаг олж тогтоожээ. Энэ мөсийг “Утопи” гэдэг Улаан гарагийн нэгэн бүс нутгаас олсон бөгөөд хэмжээгээрээ 3280 км голчтой буюу Нью-Мексик муж улсын газар нутагтай тэнцүү ба 170 гаруй м-ийн гүнд оршиж байна.

“Shallow Radar” гэдэг тойрог замын төхөөрөмж энэ мөсөн хавтанг илрүүлжээ. Уг төхөөрөмж “Утопи” бүс нутаг дээгүүр 600 орчим удаа нисэн өнгөрсөн байна. Ангараг гарагийн гадарга дээр ус байх боломжгүй учир уг мөсөн хавтан хөрсөөр хучигдсан байх нь тодорхой бөгөөд мөсөнд хүрэх боломжтой гэж үзэж байгаа аж.

“Ангараг дээр байгаа бусад мөсийг бодвол энэ мөсөнд хүрэх магадлал илүү өндөр байна. Учир нь, уг мөс гадаргад харьцангуй ойрхон байгаагийн зэрэгцээ сансрын хөлөг газардах талбай нь бусад газар оронтой харьцуулахад хавьгүй илүү тохиромжтой” гэж судалгааг хийсэн Жак Холт ярилаа.

Энэ нээлтийн ачаар Ангараг гараг дээрх уур амьсгалын өөрчлөлтийг илүү гүнзгий судлах боломжтой болж, уг гараг дээрх усны нөөц амьдралыг тэтгэх боломжтой эсэхийг тогтоож болох юм гэж судалгаанд оролцсон Жо Леви хэллээ.

Харин Техасын их сургуулийн Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Кэсси Стурмэн "Ангараг гарагийн тэнхлэг хазайх үед тоос шороотой холилдсон мөсөн хавтан руу цас орсноор энэ мөс үүссэн байж магадгүй" хэмээн таамаглаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ