Отроор өвөлжих малчид, мал сүргийг нэг коридороор гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-29 01:16:31

Монгол Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ирж ажиллан өвөлжилт хэцүүдсэн байдалтай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдлээ.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг аймгийн Онцгой комисс Булган суманд хуралдуулж холбогдох үүрэг, даалгавруудыг өглөө.

Тухайлбал, Тус аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар хамтран гэрээ байгуулжээ. Уг гэрээнд тусгаснаар отроор өвөлжих малчид, мал сүргийг нэг коридороор гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдэл хийж байгаа малчдад зориулсан отрын штаб байгуулах, малчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, отроор өвөлжих малчид орон гэрээ орхиж нүүдэллэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хяналт, шалгалтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ