Хүүхэд харах үйлчилгээнд 180-аад хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт одоогийн байдлаар 180 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна. Өнгөрсөн хаврын 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн уг үйлчилгээний эрхийг 68 хүн авсан боловч өнөөдрийн байдлаар 37 хүн энэ үйлчилгээг эрхэлж байгаа юм.
Хүүхэд харагч нарын ажлыг үнэлэх зорилгоор аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баг шалгаад "Энэ үйлчилгээ хангалттай сайн хэрэгжиж байна" гэсэн дүгнэлт өгсөн. Үйлчилгээнд хамрагдаж байгаа 180 хүүхдээс 5 нь тусгай хэрэгцээтэй буюу бидний нэрлэж сурснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна.
"Нам солигдож төрд өөр нам гарснаар хүүхэд харах үйлчилгээг үгүй болгоно гэсэн яриа иргэдийн дунд гарч байсан боловч ямар ч байсан энэ оныг дуустал буюу 2016 оны 12 сарын 31 хүртэл энэ үйлчилгээний төсөвт өөрчлөлт орохгүй хэвээрээ байна" гэсэн мэдээллийг аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг өгсөн. Мөн тэрээр "Хүүхэд харах үйлчилгээ хэвийн үргэлжилбэл цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа үед хүүхэд, эцэг эхчүүдэд хэрэгтэй үйлчилгээ байна, үргэлжлүүлэх боломж байгаа юу гэж эцэг эхчүүд маш их асууж байгааг" онцоллоо.
П.Батням