"Виагра" эм худалдан авсан асуудлаар тайлбар хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-24 15:39:38

СӨҮЛ. /Washingtonpost/. Лхагва гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн тамгын газар их хэмжээний "виагра" эм худалдан авсан талаар тайлбар хийсэн нь Ерөнхийлөгчтэй холбоотой сүүлийн үед дэгдээд байгаа дуулиан шуугианы гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. 

Гаж урсгалын шашны бүлгэмийг үүсгэн байгуулагч Чой болон түүний охин Чой Сүн Шил нартай Пак удаан хугацаанд ойр дотно харилцаатай байсан нь тодорхой болсны дараа ерөнхийлөгчийн хувийн амьдралыг хэвлэл мэдээллийнхэн асар ихээр сонирхох болжээ.

Ерөнхийлөгч Пак-ын ажлын алба өнгөрсөн онд бэлгийн чалхыг сайжруулдаг виагра болон түүнтэй төстэй эмнүүдийг хэдэн зуугаар нь худалдан авсан болохыг мягмар гарагт сөрөг хүчний намын хууль тогтоогч илчилсэн байна. Энэ мэдээлэл нь хэвлэл мэдээллийнхнийг "улангасан галзуурахад" хүргэжээ.

Пак-ын хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар, Ерөнхийлөгчийн 5 дугаар сард Африкийн улсууд, ялангуяа өндөрлөг газарт орших Этиоп зэрэг улсуудад хийсэн айлчлалын үеэр бие тавгүйрхэхээс сэргийлэх үүднээс эдгээр эмийг худалдан авсан ажээ.

“Бид айлчлалуудад зориулж эдгээр эмүүдийг худалдаж авсан боловч тэдгээрийг хэрэглээгүй” хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жан Юн-Кук сэтгүүлчдэд хэлээд "эдгээр эмүүд нь өндрийн өвчнөөс сэргийлэхэд тустай гэдэг нь тогтоогдсон" гэлээ.

Пак Гын Хэ-гийн хувьд огт гэрлэж байгаагүй бөгөөд хэн нэгэнтэй хамтран амьдарч байсан талаарх мэдээлэл байдаггүй аж. Ерөнхийлөгчийн албаныхан сүүлийн хэдэн жилд хөгшрөлтийн эсрэг болон хоргүйжүүлэх эмчилгээнд голдуу ашигладаг хүний ихэсийн ханд болон амин дэмүүдийг тарианы тунгаар хэдэн зуугаар нь худалдаж авчээ. Эдгээр эмүүдийг ерөнхийлөгч Пак-ын бие хамгаалагчид болон ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудад зориулан худалдан авсан гэнэ.

Ерөнхийлөгч Пак өөрийнх нь эрүүл мэндийг хариуцсан ажилтнуудад мэдэгдэлгүйгээр өөрийн найз Чой-гийн нэрийг ашиглан хувийн эмнэлгүүдэд янз бүрийн тариа хийлгэсэн гэх мэдээллийг прокурорууд шалгаж байна.

Пак-ын асуудал мөрдөн байцаах шатанд явж байгаа бөгөөд түүнийг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан хөдөлгөөн газар авсаар байгаа билээ. 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ