Нүүрс борлуулдаг цэгүүд хэт олширчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 14:45:48

Баян-Өлгий аймгийн Өлгий хот дотор нүүрс борлуулдаг цэгүүд хэт олширсноор байгаль орчныг бохирдуулж байгааг таслан зогсоох арга хэмжээ авагдаж эхлэв.

Нүүрс борлуулахад зөвхөн малын захын тэнд байгаа газарт л зөвшөөрөл өгсөн байдаг. Гэтэл Нүүрст Хотгороос нүүрс тээвэрлэж ирдэг жолооч нар нүүрсээ дуртай газраа зогсож борлуулдаг болсон байна. Тиймээс энэ бүхнийг журамлахаар ажлын хэсэг гарчээ.

Аймгийн газар, хот байгуулалтын хэлтсийн дарга К.Болат энэ тухай ярихдаа, Нүүрс борлуулдаг цэгийн тоог цөөрүүлнэ, тухайн газрыг цэвэрлэж байх үүрэг хүлээлгэнэ. Ингэхдээ тэдгээр цэгийг дээрээс батлаад өгөх биш, нийтийн саналаар тогтоож өгнө гэв.

Өлгий хотоос 133 км зайтай оршдог Нүүрст Хотгорын уурхай шигшигдсэн нэг тонн нунтаг нүүрсээ 27800, бүхэл нүүрсээ 29800 төгрөгөөр борлуулж байгаа бол Өлгийд тонн нунтаг нүүрсийг 65000, бүхэл нүүрсийг 85000 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Уурхайн захирал З.Кадирхан уурхай дээр ширхэг нь 2 см-ээс дээш нунтаг нүүрс 30 мянган тонн бий. Гуравдугаар сар хүртэл түүнийгээ борлуулаад, дараа нь бүхэл нүүрсээ гаргана гэж байгаа ч хэрэглэгчид нунтаг нүүрс нь тоос шороо, чулуулаг нь ихтэй байна гэж гомдол мэдүүлсээр байна.        

                                       Ш.Айзаря

Холбоотой мэдээ