Гаалийн тарифаар хамгаалах бодлоготой тэмцэх арга хэмжээ авахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-18 23:10:16

ЛИМА. /TASS/. Перу улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кучински дэлхийн эдийн засагт заналхийлж буй гаалийн тарифаар хамгаалах аргын эсрэг тэмцэхийг улс орнуудад уриаллаа.

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө баасан гарагт Перугийн нийслэл Лима хотод олон улсын компаниудын удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэрээ тэрбээр “олон улсын худалдааны өсөлтийг сүүлийн жилүүдэд зогсонги байдалтай болгосон, дэлхийн эдийн засагт аюул заналхийлж буй нэгэн сорилттой бид нүүр тулгарч байна. Томоохон компаниуд дампуурч, бүтцийн шинэчлэлт хийхээс өөр аргагүйд хүрч байгааг бид нүдээр харлаа. Дэлхийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд бид гаалийн тарифаар хамгаалах аргаас татгалзаж, үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэжээ.

АПЕК бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлөөрөө бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг 21 улсыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон форумуудын нэг юм.

АПЕК-ийн гишүүн улсууд нь дэлхийн ДНБ-ий 57 хувь болон дэлхийн худалдааны 48 хувийг бүрдүүлдэг бол дэлхийн нийт хүн амын 40 хувийг эзэлдэг аж. 11 дүгээр сарын 19-20-нд Перугийн нийслэл Лима хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно.

Г.Доржханд

Холбоотой мэдээ