Улсын Онцгой комиссынхон Хэнтий аймгийн зарим сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ цас ахиу орсон өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сумдад очиж ажиллав.
Эхлээд Бэрх тосгоны өвөлжилтийн бэлтгэл, сумын нөөцийн сан болон тосгонд шинээр баригдаж буй Онцгой байдлын шинэ байртай танилцлаа. Тус тосгоны захирагчийн ярьж байгаагаар Бэрхэд тулгамдаж буй гол асуудал нь дулааны шугам сүлжээ гэв. Учир нь ил байрладаг тул хөлдөх аюултай, тиймээс энэхүү асуудлыг анхааралдаа авахыг хүслээ.
Үүний дараа ажлын хэсгийнхэн Батноров суманд зочилж, сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, эрсдлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо. Тус сумын нутагт анхны цас 10 дугаар сарын 16-наас эхлэн орж, түүнээс хойш их бага хэмжээгээр 14 удаа тунадас орсны улмаас газар нутгийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтож, тал газраа 17-25 см, уулын энгэр гуу жалгаараа 30-60 см хүрч мал бэлчих боломжгүй болжээ. Сумын онцгой комисс 2016 оны 10 сарын байдлаар сэрэмжлүүлэх мэдээг нийт 1270 хүний утсанд илгээсэн байна. Батноров сумын 7 багт 800 гаруй малчин өрхийн 395700 толгой мал өвөлжиж байгаа аж.
Мах ачсан машинууд аймгийн төвийг олноор зорих болжээ
Ажлын хэсгийнхний дараагийн очсон сум бол Норовлин байлаа. Тус сумын удирдлагууд болон Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож үүрэг өгөв. Норовлин сумын малчин айл өрхийн ихэнх нь хонь ямаандаа ухна хуц тавихгүй байх бодлого барьжээ. Дээрх сумдын малчид онд орохооргүй тарга тэвээр тааруу малаа заазлах, түүгээрээ хадлан бордоо авах, банкны зээлээ төлж барагдуулах зэрэг арга хэмжээ авч байгаа учраас мах ачсан машинууд аймгийн төвийг олноор зорих болжээ. Иймд сумдын зүгээс гарал үүслийн бичиг болон бусад холбогдох зүйлсийг малчдад чирэгдэлгүй шийдвэрлэж өгөх, аймгийн зүгээс Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар малчдын хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллахыг ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн даалгалаа. Мөн сумдын Онцгой комиссын гишүүдэд аливаа мэдээллийг цаг алдалгүй үнэн зөвөөр нь аймгийн Онцгой комисст хүргэж ажиллахыг сануулав.
Эцэст нь ажлын хэсгийнхэн сумдад байгаа нөөц боломжоо бүрэн дайчилж, өвлийг өнтэй давах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг хэллээ. Энэ хүрээнд мал маллах ардын ухааныг залуу малчдад зөвлөж, сургах ажлыг эрчимтэй явуулахыг сумдын удирдлагууд болон Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.
Д.Одонтунгалаг