НҮБ-ын ЕНБД Францын “Хүндэт легион” шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-18 15:58:32

МОСКВА. /Sputnik/. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх асуудалд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүнд тус улсын дээд шагнал болох “Хүндэт легион” шагналыг гардууллаа.

Энэхүү шагнал нь Бан Гы Мүний НҮБ-ын тэргүүний хувьд хийж буй үйл ажиллагаа ялангуяа цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилготой гэрээг байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгож буй юм хэмээн Ф.Олланд хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч дэлхийд энх тайвныг тогтооход, улс орнуудын хоорондын яриа хэлэлцээ хийхэд оруулсан Бан Гы Мүний хичээл зүтгэлийг нь онцлон тэмдэглэсэн байна. Ф.Олландаас тус шагналыг гардан авах үедээ Бан Гы Мүн энэ шагнал бол зөвхөн түүнд өгч буй шагнал биш харин НҮБ-д өгч буй шагнал юм гэж хэлээд энэ шагналыг хүлээн авсан нь нэр хүндийн хэрэг бөгөөд маш их бахархаж байна гэжээ.

Уг шагналыг Мароккод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 22 дахь бага хурлын үеэр гардуулсан байна. Бан Гы Мүн 10 жилийн турш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нд түүнийг Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутеррес орлох юм.

Х.Сарнай
 

Холбоотой мэдээ