Төрийн албанд томилогдож байгаа иргэдийг чадавхжуулах “Институт” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-18 10:48:51
oyuka_hu@yahoo.com

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч, Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна.

Тэд өчигдөр ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүдэд “Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа. Энэ үеэр ГХУСАЗЗ-ийн дэргэд “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулах тухайгаа мэдээллээ. Уг зөвлөл гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилллана. Тэд төрийн үйл ажиллагаа нээлттэй, хүртээмжтэй, ил тод байгаа эсэхэд хяналт тавих юм.

“Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг энэ сарын гурванд УИХ-аар баталсан. Хөтөлбөр 2016-2023 он хүртэл хэрэгжинэ. Нийт 8 бүлэг, 11 зорилттой.  Хөтөлбөрийн зорилго нь авилгын эрсдлээс хамгаалах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүний хүрээнд, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй болгох, төсөв санхүүгийн мэдээ, тайлан, үйл ажиллагааг ил тод болгох, шүүх  эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, эвсэлээс ангид байгаа эсэхэд хяналт тавин ажиллана.

Мөн төрийн албанд шинээр томилогдож байгаа иргэдийг чадавхижуулах зорилгоор “Институт” байгуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, уг институт төрийн удирдах албан тушаалд томилогдож буй тухайн иргэнд төрийн үйл ажиллагаа, бүтэц, дэг журам, зарчмыг заах юм. Үүний дараа ажилд нь томилох ёстой гэнэ. Дашрамд дурдахад, АТГ-ын ажлын хэсгийхэн 21 аймагт зэрэг ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ