Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-17 10:20:38

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн валютын ханшийн өсөлт нь иргэд, бизнес эрхлэгчдэд тун хүнд тусч байгааг онцлоод Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалсан, валютын ханшийг бодлогоо хэрхэн тодорхойлсон талаар асуулаа. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа, Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална гэсэн байдаг. Энэ зарчмын дагуу ирэх оны мөнгөний бодлогод  ханшийг тогтвортой байлгах зорилт тусгасан гэв.

Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ