Мосулыг чөлөөлөх ажиллагаа энгийн номхон иргэдийн аминд хүрсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-17 08:27:58

МОСУЛ. /Xinhua/. Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлснээс хойш маш олон энгийн номхон иргэд амь үрэгджээ. Тус бүлэглэлийнхэн энэ хотыг хоёр жил гаруйн өмнө булаан эзэлсэн юм.

АНУ  тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Иракийн засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн өнгөрсөн сарын 17-ноос Мосулыг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн. Мосул нь тус бүлэглэлийн Ирак дахь хамгийн том түшиц газар билээ.

Иракийн армийн албаны хүн лхагва гарагт мэдэгдэхдээ “бид Мосулын зүүн хэсгийн гуравны нэгийг хяналтандаа аваад байна” гэв. Тус хотыг Тигрис голоор зүүн ба баруун гэж хоёр хэсэгт хуваадаг аж.

Гэхдээ “Лалын улс”-ын босогчид энд тэнд бүгж, тэсрэх бөмбөг нуусан байж болзошгүй учир шалгахын тулд цэргүүд давшилтын хурдаа сааруулсан байна.

Босогчид өөрсдийгөө хамгаалахын тулд оршин суугчдыг амьд бамбай болгож байгаагаас гадна амиа золиослогчдоор халдлага үйлдүүлж байна.

Хүн ам шигүү суурьшсан энэ хот дотор байлдааны ажиллагаа явуулж эхэлснээс хойш цэргүүдээс илүүтэйгээр оршин суугчид олноороо амь үрэгдэж, шархдаж байна гэж нэгэн эмч хэлэв.

“Лалын улс”-ын босогчид дайралтаа эрчимжүүлэх хандлагатай байгаа учир цаашид энгийн номхон иргэд хохирогч болох нь нэмэгдэж болзошгүй гэж албаны хүмүүс түгшиж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ