Сибирт тогтсон хүйтэн агаар ихэнх нутгаар түрж шөнөдөө 41-47 хэмд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ жилийн өвлийн цаг уурын төлвийн талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ерөнхий технологич Ч.Сарантуяатай ярилцлаа.
-Сибирийн хойд туйлын хүйтэн агаар Монголын нутгаар дайран өнгөрөхтэй холбоотой цочир хүйтрэх төлөв гарсныг ОБЕГ-аас сэрэмжлүүлсэн. Хэдий хугацаанд хүйтрэх төлөв гарав?
- Баруун Сибирт тогтсон хүйтэн агаар 11 дүгээр сарын 18-наас Монголын нутаг руу орж ирнэ. Энэ хүйтний эрч нутгийн хойд хэсгээр энэ сарын 18-нд , 20, 21, 22-нд зүүн тал болон ихэнх нутгаар түрж орох төлөв гарлаа. Өндөр уулстай, томоохон хөндий нутгуудад хүйтэн хургаснаас үүдэн шөнөдөө дээд тал нь 41-47 хэмд хүрч хүйтрэх төлөв байна. Өндөр хэмд хүрч хүйтэрвэл сүүлийн 20 гаруй жилд тохиолдоогүй үзэгдэл болно. Сибирийн хүйтний эрчим баруун болон төвийн нутгаар салхи хавсаргаар энэ сарын 17-ноос эхлэх төлөв ажиглагдсан.
-Цаг уурын ерөнхий төлвөөр энэ өвлийн дүр зураг ямар гарч байгаа вэ?
-Манай хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 12 дугаар сарын дундаж температур нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас хүйтэн байх төлөвтэй. Бусад нутгаар дундаж орчим хүйтэн байна. 12, 1 дүгээр сард төв болон зүүн аймгийн зарим газраар сарын дундаж температур хүйтэн, Алтайн өвөр болон говийн нутаг буюу Дорноговь, Өмнөговь аймагт дунджаас бага зэрэг дулаан, цас бага буух төлөв ажиглагдаж байна. Харин баруун аймгуудын баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар зүүн аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас их цас унах төлөв гарсан.
- Сошиал ертөнцөд дэлхий дахинд энэ өвөл олон жилийн дунджаас дулаан болно гэсэн мэдээлэл явж байсан. Харин Хятад улсад 100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл ирнэ гэх юм. Энэ зөрүүтэй мэдээлэлд цаг уурчийн зүгээс ямар хариулт өгөх вэ?
- Дэлхийн бүс нутгийн агаар мандлын урсгал хөдөлгөөнөөр улс орнуудад хэрхэн нөлөөлөхийг аждаг. Тухайн урсгал хөдөлгөөн ижил өргөрөгт оршиж буй бүс нутгуудад өөр өөр хэлбэрээр илрэх жишээтэй. Өөрөөр хэлбэл цаг агаар нь байнга хувьсаж өөрчлөгдөнө гэсэн үг. Эмх замбараагүй динамик хөдөлгөөн бүс нутгуудад харилцан адилгүй гардаг.
Манай улсад болсон Зүүн азийн хүйтний улирлын төлвийг хэлэлцэх хурлаар Хятад, Солонгос, Японы цаг агаарын урт хугацааны төлөв гаргадаг судлаачид оролцож Зүүн Азид уур амьсгал ямар болох вэ гэдгийг хэлэлцсэн. Энэ үеэр ирэх өвөл Монголын нутаг, Хятадын хойд хэсэг олон жилийн дунджаас хүйтэн байх нь гэсэн судалгаа танилцуулсан. Хятадын өмнөд нутаг, Японы хойд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөв гарсан. Хур тундасын хувьд Зүүн Азийн хойд хэсэг буюу Монголын зүүн хойд тал, Хятадын зүүн хойд нутаг, Японы хойд хэсэг ахиу цас орох төлөвтэй байна. Хятадын баруун өмнөд тал олон жилийн дунджаас бага цас унах төлөв ажиглалтаар гарсныг мэдээлсэн. Мөн Сибирийн антициклон буюу их даралтын орны хүйтний урсгал Зүүн Азийн зүүн хэсэгт нөлөөлөхөөр байгаа. Энэ нөлөө нь Монголын нутаг, Хятадын хойд талын бүс нутгаар илрэх төлөвтэй хэмээн онцолсон.
- Монголчууд мичин жилд зуд нүүрлэж хүйтэрдэг гэлцдэг. Яагаад мичин жилд хүйтэн өвөл болдог вэ. Үүнийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал?
- Агаар мандлын том хэмжээстэй урсгалын нөлөөгөөр дэлхийн уур амьсгалд нэлээн их өөрчлөлт ордог. Номхон далайн төв хэсгийн экваторын район болон дорнод Номхон далайн усны дулаан нь хэвийн байдлаас доогуур байж Ланина үзэгдлийг үүсгэдэг. Энэ үзэгдэл тэсхим хүйтэн цаг агаар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Ланина үзэгдэл хасах утгыг илэрхийлдэг гэсэн үг. Ланина үзэгдэл эхэлсэн бөгөөд Зүүн өмнөд Азийн цаг агаарт маш их нөлөө үзүүлэх төлвийг дэлхийн цаг уурчид гаргаад байна. Номхон далайн зүүн хойд эргүүдэд хуримтлагдсан хүйтний урсгал Азийн орнууд руу хүчтэй орох бөгөөд дам нөлөө нь Монголд ирнэ. Мөн дэлхийн уур амьсгалд нарны цацраг соронзон орон гол нөлөөг үзүүлдэг. Нарны дотоод урвал, цахилгаан долгион тодорхой давтамжтай. Наран дээр үүссэн толбоны хэмжээ хэр эрчимтэй байгааг индексээр гаргадаг. Олон жилийн судалгаагаар эрдэмтэд энэ эрчмийг 11-12 жилийн үечлэлтэй гэдгийг тогтоосон. Урсгал энергийн эрчим сайн байгаа үед тодорхой газар нутгуудад дулаарах төлөв ажиглагдсан. Харин нарны вольфын тоо багасах үед нэлээн хүйтэрч, цас унадаг байх жишээтэй. Ийнхүү нарны эрчим сулрах үе ихэнхдээ мичин жилд тохиодог. Одоо нарны эрчим бууралттай үе таарч буй учир хүйтрэх магадлал өндөр.
- Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс цаг агаарын эрсдлийн мэдээг гаргадаг болсон. Энэ мэдээгээр ямар аймгууд хүндрэх төлөв гарсан бэ?
- Нутгийн баруун хойд хэсгээр цасан бүрхүүл тогтсон. Тодруулбал Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын хойд хэсэгт 6-15 см зузаан цастай байна. Дээрх дурдсан аймгуудын зарим сумд буюу Увсын Түргэн, Хяргаст 30-40 см зузаан цас тогтсон. Цаашид ахиу цаас орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Ялангуяа 12, 1 дүгээр сард Монголд хамгийн хүйтэн сар тохиодог. 12 дугаар сард томоохон голууд, Идэр, Тэс, Дархадын хотгороор сарын дунджаар 24-29 хэмд хүрэх 1 дүгээр сард 29-33 хэмд хүрэх, 2, 3 дугаар сарын сүүлчээр салхи, хавсрагтай байх төлөв ажиглагдаж байна. Өнгөрсөн зун харьцангуй зуншлага сайтай байсан учир бэлчээрийн ургамал сайн гарсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гантай байсан бөгөөд зарим нутагт 25 см зузаан цас орсон учир өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Зудын эрсдлийн мэдээгээр нутгийн 30 орчим хувьд өвөлжилт хүндрэх төлөв гарсан. Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим нутгаар өвөлжилт хүндрэх магадлал өндөр гарч байна.
-Монгол Улсын цаг уурын мэдээлэл гаргах бааз хэр бэхжиж байна. Дээхэн үед цаг агаарыг буруу мэдээлж байна гэсэн шүүмж их байлаа. Цаг уурын мэдээллийг хэд хоногийн давтамжтай гаргаж байна вэ?
-Манай байгууллага 1940 оноос хойшхи буюу 76 жилийн мэдээлэлд тулгуурлан судалгаа хийж цаг агаарын мэдээгээ гаргаж байна. Богино хугацаатай буюу 7 хоногийн төлвийг гаргаж буй юм. Ерөнхийдөө энэ жилийн төлөв олон жилийн дунджаас ямар хандлагатай байгааг ажиглалтын судалгаагаар гаргадаг. Түүнээс биш ойрын саруудад хөрсөнд тэдэн хэмд хүрч хүйтэрнэ гэсэн холын төлвийг хараахан гаргаж чадахгүй байгаа.
-Техник, технологийн хувьд хэр дэвшил гарав. Монгол Улсын хувьд дэлхийн ямар түвшинд явна вэ?
-Ер нь цаг агаарын мэдээг гаргахын тулд зөвхөн Монголоор хязгаарлахгүй шүү дээ. Дэлхийн хэмжээнд ярих асуудал. Түүнчлэн цаг уурын ажиглалтыг хийхийн тулд дэлхийн түвшинтэй ойролцоо байж хийнэ. Тэр хэмжээгээрээ мэдээлэл солилцох түвшинд хүрнэ шүү дээ. Бүс нутгийн хэмжээнд Дэлхийн цаг уурын байгууллагаас ихээхэн анхаарч хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манайд нэлээн хэдэн шинэчлэлтийг хийсэн. Тоон төлвийн загвар учир дутагдалтай байсныг шинэчиллээ. Богино хугацаанд жижиг масштабтай загварууд боловсруулснаар богино хугацаатай цаг уурын төлвийн оноч дээшилсэн. Техникийн хувьд манай улс цаг уурын мэдээлэл гаргах 2011 онд супер компьютертэй болсон. Цаг уурын мэдээг гаргахын тулд олон сая тоон мэдээллийг ашигладаг учир энэ компьютер маань хоцрогдож эхэлж байгаа.
Урт хугацааны төлөв нь дэлхийн нийтээр асуудалтай хэвээр байна. Дэлхий нийт 14 хоногт цаг уурын урьдчилсан мэдээг гаргадаг.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр