Нигерид 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭАБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутагт “ойрын хэдэн сарын хугацаанд” 75 мянга орчим хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна гэж НҮБ мэдэгдлээ.
НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Питер Лундбергийн мэдэгдсэнээр, “Боко Харам” босогчдын бүлэглэлийн түшиц газар байсан тус бүс нутагт нийтдээ 14 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа ажээ.
Энэ хямралыг шийдвэрлэх хангалттай санхүүжилт НҮБ-д байхгүй байна гэж тэрбээр мягмар гарагт Нигери улсын нийслэл Абужа хотод мэдэгдэл хийх үеэрээ цохон тэмдэглээд “хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй 14 сая хүн, тэдний дотор 400 мянган хүүхэд байна. Хэрвээ бид яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойрын хэдэн сарын дотор 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна” гэлээ.
“Боко Харам”-ынхан 2009 оноос Нигерийн зүүн хойд нутгийн Борно муж болон бусад газарт халдлага үйлдэж эхэлснээс хойш хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ.
Борно мужид 250 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна гэж өнгөрсөн долдугаар сард НҮБ анхааруулж байсан юм.
Г.Доржханд