Гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 7.2 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа. Энэ үеэр Цагдаагийн газраас энэ оны 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг хийлээ.
Он гарсаар аймгийн хэмжээнд 448 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хэргээр буюу 7.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 63 хувь байгаа нь 2.7 пунктээр өссөн гэсэн үг.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 179 нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 149 нь хулгайлах, 21 нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 12 нь хүчиндэх, 12 нь залилан, 10 нь дээрэмдэх гэмт хэрэг байжээ. Тоон үзүүлэлтээс харахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5.6, гэр бүлийн хүчирхийлэл 28, хүүхэд оролцсон гэмт хэрэг 41.4, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 14.3, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 33.7 хувиар тус тус буурсан аж. Түүнчлэн бусдын бие мах бодод гэмтэл учруулах хэрэг 8.7, танхай 20, залилан мэхлэх гэмт хэрэг 52 хувиар буурсан гэж Цагдаагийн газрын мэдээлэлд дурдлаа.
Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлтийг сайжруулахад камерын хяналтыг бүрэн ашиглах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ажээ. Харамсалтай нь хотын хэмжээнд нийт 191 камер суурилуулснаас одоогоор 89 нь огт ажиллахгүй байгаа гэнэ. Үүнийг засварлахад 20 орчим сая төгрөг шаардлагатай ажээ.
Б.Оюун-Эрдэнэ