Тэмбүү өвчин эхээс урагт халдварласан тохиолдол энэ онд 32 гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-15 20:15:12

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд болон эрүүл мэндийн салбарын төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн илтгэлд, манай улсад ХДХВ-ийн халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол 1992 онд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар халдвартай хүний тоо 219 болсон байна. Эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай 11 эх нярайлж 14 хүүхэд төрүүлсэн нь бүгд халдвар аваагүй байна.

Гэвч манай улсад төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурахгүй, жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Энэ өвчин эхээс урагт халдварласан тоо 2015 онд 52, энэ оны эхний арван сарын байдлаар 32 бүртгэгдсэн нь эрүүл мэндийн салбарын эмгэнэл болж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү илтгэлдээ онцолж байв.

“Глобаль” сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг илтгэлдээ, тус сан 2003 оноос манай улсад төслүүд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 он хүртэл нийт 58 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ нь жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт олгосон гэсэн үг юм. Шаардагдах санхүүжилтийг бүрэн гаргая гэвэл жилд 5.4 сая ам.доллар шаардлагатайг тэрбээр илтгэлдээ онцлов. Төслүүд хэрэгжүүлж эхэлсэн буюу “Глобаль” сангийн дэмжлэгийг манай улс авснаар ХДХВ-ийн халдварыг бага түвшинд тогтоон барьж чадсан гэдгийг илтгэгч мөн онцолсон.

2017 он гэхэд тус сан ХДХВ-ийн халдвартай тэмцэх чиглэлийн санхүүжилтээ зогсоох магадлалтай бөгөөд харин сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр санхүүжилт олгохыг төслийн зохицуулагч илтгэлдээ дурьдлаа.

Хэлэлцүүлгийн илтгэлүүдийн дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнгөрсөн оны 4 дүгээр сард мөн энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын тогтоол гарч байсан. Өнөөдөр тулгамдсан гэж ярьж буй зарим асуудлууд тэр тогтоолд туссан. Гэтэл дахиад өмнөх асуудлаа давтан яриад сууж байна. Танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнтэй боллоо гэдэг ч гараад мартдаг. Төрийн байгууллагууд ажлаа сайн хийхгүй байгаагаас худлаа тоо ярьж, үр дүнд нь бэлгийн замаар дамжих өвчлөл жил бүр нэмэгдэж байна. Үр дүн гаргаагүй бол хариуцлага тооцож, ажил хэрэгч байя” хэмээн онцлов.

Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаар хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, байнгын хорооны тогтоол гаргах болсон юм. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ