Алдарын буудлагынхан Цэргийн ДАШТ-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-15 14:50:39

Катарын Доха хотод болж буй Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн буудлагын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчнийг төлөөлөн "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байна.

Энэ удаагийн цэргийн буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 50 орны олимп, дэлхийн наадамд оролцсон туршлагатай 720 гаруй тамирчин оролцож байгаа юм.

CISM буюу Олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шино өнгөрсөн 10 сард Монголд айлчилсан. Энэ үеэр түүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан, CISM Зүүн Хойд Азийн зарим тэмцээнийг 2017 онд Монголд зохион байгуулах талаар тохиролцжээ.

Цэргийн спортын олон улсын холбоо нь 134 орныг гишүүнээр элсүүлж, "Спортоор дамжин нөхөрлөлд" уриан дор дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, гишүүн орнуудын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн спортыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ