Засаг дарга хийсэн ажлаа улирал тутамд иргэддээ тайлагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-12 08:24:58

Дундговь аймгийн Засаг дарга ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногт хийсэн ажлаа иргэдэд тайлагнав.

Тэрээр хэлэхдээ, ажлаа хүлээн аваад төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах, төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтын сайжруулж, бүтээмжийг дээшлүүлэхээс ажлаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд сахилга хариуцлага,бүтээмж төрийн аль ч байгууллагад суларсан байдалтай явж ирснийг засч байж бид цаашдын ажлаа үр бүтээлтэй төлөвлөн хэрэгжүүлнэ гээд 100 хоногт амжуулсан ажлаа нийгмийн салбар тус бүрээр танилцуулсан юм.

Эхлэл нь тавигдаад байгаа томоохон бүтээн байгуулалтад Засаг даргын хувьд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэн нийт 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр өнгөрсөн жил баригдаж эхэлсэн. Зөвхөн А блокийг хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр барьж, гүйцэтгэл нь одоо 95 хувьтай байна. Цаашид 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн бүрдүүлж энэ том байгууламжийг дуусгах вэ гэдэг асуудал бий гэлээ.

Мөн таван жилийн өмнө Мандалговь хотод дөнгөж суурийг нь тавьж эхлээд орхисон аймгийн театрын барилгыг хэрхэн дуусгах тухай асуудал ч тулгамдаж байна. Театрын барилга барилга 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдах зураг төсөвтэй. 2011 онд “Суурь” ХХК тендэрт шалгарч, холбогдох яамнаас 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч барилга ажил хагас дутуу сууриас цааш үргэлжлээгүй орхигдсон. Аймаг удирдсан дарга бүр  араас нь хөөцөлдөж байгаа асуудал энэ болоод байгааг тэрээр хэлсэн юм.

Гадаад харилцаагаа өргөжүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгааг дуулгалаа. Тухайлбал БНХАУ- ын Шаньси муж, Эрээн хот, Чех, Герман улсын хот мужтай харилцаа тогтоох нөхцөл бүрдсэн байна.

Дундговь аймаг мэргэжлийн сургалтын цогцолбор төвтэй болж байгаа. Энэ том бааз сууриа ашиглан бүсийн хэмжээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэж байсан уламжлалаа сэргээн ажиллах зорилго бий. Үүний тулд Герман улсын мэргэжлийн сургуулиудтай холбоо тогтоож, багш авчран мэргэжлийн сургуулийн багш нараа чадваржуулж, сургалтын шинэ арга зүйгээр хангах талаар харилцан тохиролцсон гэв.

Энэ мэтээр аймаг орон нутгийн ажлыг танилцуулж, тулгамдаж байгаа, бас шийдээд хэрэгжүүлж байгаа асуудлуудыг хуваалцсанд иргэд Засаг даргад талархал илэрхийлж байсан. Тэрээр Засаг даргын тайлангийн уулзалтыг цаашид улирал тутамд тогтмол хийж байна гэлээ.

Т. Отгонтуяа      

     

 

Холбоотой мэдээ