Халамж, хөдөлмөрийн газрын дарга ажилчдаа хоморголон халжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2016-11-11 18:35:58

  Увс аймгийн Халамж, хөдөлмөрийн газрын дарга Д.Цогт-Очир энэ сарын гурванд төрийн захиргааны болон үйлчилгээний 37 ажилтнаа ажлаас халсан байна.

Дээрээ хоёр яам нийлсэн учраас орон нутагт байгаа хэлтсүүд нэгдэж, бүтэц, орон тоо нь шинэчлэгдсэний дагуу ийм шийдвэр гаргалаа хэмээн тэрбээр тайлбарлажээ. Хөдөлмөрийн хэлтэс 25, Халамжийн хэлтэс 19 сумын байцаагчтайгаа нийлээд 60-аад ажилтантай байна. Нийтдээ 80 гаруй ажилчдаас 37 хүнийг ийнхүү ажлаас чөлөөлжээ. Шинэ бүтцээр бол Халамж, хөдөлмөрийн газар нь дотроо 3 албатай, орлогч даргатай, нийтдээ 50 гаруй ажилтантай байх албан бус мэдээ байна. Одоогоор Халамжийн хэлтсийн дарга томилогдоогүй, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар Ц.Гантөмөр, няраваар Б.Отгонбаяр нар гаднаас томилогджээ. Мөн харуулууд болон үйлчлэгчийг өөрчилсөн байна. Ерөнхийдөө 14 хүнийг гаднаас авахаар болж, заримыг нь ажилд томилжээ.

Ажлаас халагдсан хүмүүсийн төлөөлөл болох 13 хүн өнөөдөр “Увс” телевизийн байранд Хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Ажлаас халагдсан хүмүүс нь 25-35 насны залуучууд байна. Одоогоор Увс аймгийн 19 сумын наймынх нь хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан байцаагч ажлаа өгчээ. Ажлаас чөлөөлөгдсөн 37 хүний дотор жирэмсэн эмэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг, 0-2 хүртэл настай хүүхэдтэй эмэгтэй нэг байгаа аж. Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгч нь хоёр оюутантай, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан бөгөөд түүнийг ч гэсэн ажлаас чөлөөлж оронд нь өөр хүн авсан байна.

Хамгийн хачирхалтай нь ажлаас халагдсан хүмүүс Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар очиход хариуцсан мэргэжилтэн нь “Та нарын энэ тушаалаар ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл үүсээгүй байна, харин та нарт тухайн байгууллагаас 3 сарын тэтгэлэг олгох тушаал гаргажээ. Хэрвээ халагдсан тушаалаа аваад ирвэл тэтгэмж олгоход бэлэн” гэсэн байна. Гэтэл энэ асуудлаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Даваадорж Халамж, хөдөлмөрийн газрын дарга П.Цогт-Очиртой утсаар ярьж тохиролцон ажлаас халагдсан хүмүүст тэтгэмж олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцсан мэргэжилтэн нь болохгүй гээд гаргаж байхад дарга нар нь утсаар яриад тэтгэмж олгохоор болж байгаа нь хууль зөрчсөн, төрийн ажил амаар явдаг болсны бодит жишээ хэмээн тэд үзэж байв.

Эдгээр хүмүүсийн тавьж байгаа гол шаардлага бол ажлаас халагдсан тушаалаа авах, байгууллагынхаа бүтэц, орон тоог тодорхой мэдэх, гаднаас бус хуучин хүмүүсээ ажилд авах, төрийн ажлыг амаар биш цаасаар явуулах, Д.Цогт-Очир дарга өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбар хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байна. Гэвч аймгийн Халамж, хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Цогт-Очир одоогоор Улаанбаатар хотод байгаа бөгөөд цаашаа гадагшаа явж энэ сарын 20 гаргаад Увсад ирэх юм байна. Энэ хооронд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийн 14 хоногийн хугацаа дуусгавар болох учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.  

“Ажлаас халагдсан бүх хүмүүс маань эвлэлдэн нэгдсэн. Бидэнд ямар ч намын харъяалал, гишүүнчлэл байхгүй. Нэг хүний цаана хоёр хүн гэхээр 120 гаруй хүний амьдрал баталгаагүй болж байна. Бид бүгдээрээ төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээд тангараг өргөцгөөсөн. Бас ихэнх маань цалингийн болон байр сууцны зээлтэй. МАН-ын мөрийн хөтөлбөртөө залуучуудыг ажлын байраар хангана гэчихээд төрд олон жил ажилласан, туршлагатай төрийн албан хаагчдыг ажилгүй болгож байгаа нь мөрийн хөтөлбөрөө харлуулсан үйл ажиллагаа боллоо” хэмээн Хөдөлмөрийн хэлстийн ахлах мэргэжилтэн байсан Д.Зоригтбаатар хэллээ.

Хэвлэлийн бага хуралд ажлаас халагдсан 37 хүн бүгдээрээ ирэх байсан ч зарим эрх баригчдаас айгаад утсаа салгаад зугатсан гэж байв.

Тэд, Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг байгууллагад шат дараатайгаар хандахаа илэрхийллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ