Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн үхлийг хөнөөлт дайнтай зүйрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-10 13:21:58

ЗЦГ-ын /хуучнаар/ гаргасан судлагаагаар сүүлийн 5 жилд улсын хэмжээнд зам тээврийн осолд 5611 хүүхэд өртөж, 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 нь хүнд, хөнгөн гэмтсэн хэмээн МХХ-д өнөөдөр болсон Хүүхдийн зам тээврийн осолд өртөж буйн талаарх мэдээллийг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л. Амаржаргал нар өгөв.

Мөн осол аваарын хохирлыг нөхөн төлөх талаар ч Албан татвар төлөгчдийн холбооны тэргүүн Д.Цэвээнжав мэдээлсэн.

Энэ тоог нийслэл, орон нутгаар нь авч үзвэл бас л зүрх шимшрэм тоо гарчээ. Нийслэлд өнгөрсөн 5 жилд машины осолд өртсөн 44 хүүхэд нас барж, 3995 хүүхэд гэмтэж бэртсэн. Орон нутагт автомашинтай зорчиж явахдаа голчлон  осолд орсноос 178 хүүхэд амь насаа алдсан. Энэ нь улсын хэмжээнд 4056 хүүхэд явганаар, 1483 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа амь насаа алдах, гэмтэх явдлаас үүдэлтэй байх юм. 72 хүүхэд дугуйгаар зорчихдоо амь насаа алдах, гэмтэх зөрчил гаргажээ. Зөвхөн өнгөрсөн жил буюу 2015 онд улсын хэмжээнд осолд өртсөн 1143 хүүхдээс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Ховд, Төв аймгуудад хүүхэд ихээр осолдож байгаа бол нийслэлд Баянзүрх, Сонгинохайрханд их өртдөг гэдгийг Э.Бөхбат анхаарууллаа.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 48 хүүхэд нас барсны ихэнх хувийг нийслэлд гарсан осол эзэлж байна.

Хүүхдийн осол яагаад буурахгүй байгааг асуухад, хошууч Л.Амаржаргал " 2015 оны 9 дүгээр сарын нэгнээс эхэлсэн Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд ...эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх..." заалт хэрэгжихдээ муу байна. Мөн дээрх зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ч хэрэгжилт тааруу байгаа. Үүнийг анхаарах цаг болсныг ЗЦА-аас олон удаа анхааруулдаг. Тэгээд ч хүүхдийн осол буурахгүй байна" гэж хариулав.

Бас өвлийн хальтиргаа, гулгаа үүсчихээд байхад зуны дугуйтай явснаас тоормоз алдах, машин шүргэлцэх, мөргөлдөх явдал их байна. Согтуугаар машин жолоодох нь ч их байгааг анхаарах ёстой. Эцэг эхчүүд замын хөдөлөгөөнд хүүхдээ хамгаалалтгүй, хяналтгүй оролцуулж байгаа нь буруу гэх сэрэмжлүүлгийг  Л. Амаржаргал   өглөө.

Үүний дараа АТТХ-ны тэргүүн Д.Цэвээнжав "Осол аваараас гарах хохирол жолооч нарт эхэлж тусдаг. Машин эзэмшигч хүн бүхэн заавал албан журмын даатгалд хамрах хэрэгтэй. Даатгуулснаар хохирлоо шуурхай, баталгаатай шийдвэрлүүлнэ. Одоогоор 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл даатгагджээ. Энэ онд 17 мянга орчим нь зам тээврийн осолд өртөснийхөө даатгалд 8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн авсан. Энэ бол осол аваар их байгаагийн жишээ. Мөн сэтгүүлчдэд анхааруулахад өнгөрөх 10 дугаар сараас зарласан эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцооч. Хамгийн сэтгэл түгшээсэн хүүхдийн осол гэмтлийн асуудлыг сайтар хөндөж бичээчээ гэж байв. Замын тээврийн осолд өртсөн хүүхдийн үхэл, гэмтэл ийнхүү хөнөөлт дайнтай улс орны хэмжээнд хүрснийг дээрх албаныхан анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ