“Супер сар” ердийнхөөс 14 хувь томорч, 30 хувь тод гэрэлтэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 14-ний өдөр буюу ирэх даваа гарагт энэ зууны хамгийн том сар мандах гэж буй талаар НАСА мэдээлсэн. Тодруулбал, ийм том сар сүүлийн 70 жилд тохиогоогүй бөгөөд жирийн үед харагддагаас 14 хувь том харагдаж, сар дэлхийд хамгийн 356 512 км-ын зайд ойртоно.
Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн Астрометрийн секторын эрхлэгч, доктор Н.Тунгалагаас тодрууллаа.
Тэрбээр, “11 дүгээр сарын 14-ний өдөр билгийн тооллын 15 буюу тэргэл сартай өдөр тохионо. Энэ өдөр сар дэлхийд хамгийн ойр 356 512 км-ын зайд ойртоно. Энэ нь сүүлийн 70 жилд болж байгаагүй үзэгдэл юм. Сар дэлхийг тойрог биш зуйвандуу замаар тойрдог. Сар дэлхийд хамгийн ойр цэгт очиж байгаа учир энгийн сарнаас хамгийн том “супер сар” гэж нэрлэж байна. Сар харагдах цагийг нарийн тооцоолоход ирэх даваа гарагт Улаанбаатарын цагаар 17.33 минутаас эхлэн өглөө 06.57 минутад жаргах учир бүтэн шөнийн турш тэргэл сартай өнжих нь. Сар дэлхийг тойрох замын хамгийн ойр цэгт очих учир энгийн үеэс харьцангуй том харагдана. Энэ нь хүний эрүүл мэнд, амьтан ургамалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ сар дэлхийд ойртоход татах хүч нь ихэсч далайн татлага, түрлэг нэмэгдэнэ. Сарны таталтын түрэлт гэдэг үзэгдэл явагддаг учир далайн эрэг орчмоор тодорхой хэмжээний нөлөө байж болохыг үгүйсгэхгүй” гэв.
Ер нь дэлхийгээс сар хүрэх зай дунджаар 384000-384600 км байдаг. Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36 300 км, алсрахдаа 405 696 км болдог аж. Харин энэ сарын 14-нд манай гаригийн дагуул энгийнээсээ 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэй харагдах юм байна.
"Супер сар" нь 1948 оноос хойш анх удаа дэлхийд хамгийн ойрхон зайнаас мандаж буй аж. Ийм үзэгдлийг 2034 оны 11 дүгээр сарын 25-наас нааш дахин харах боломжгүй гэнэ.
Дашрамд дуулгахад, байгалийн ховор сонин энэ үзэгдлийг тэнгэр цэлмэг тохиолдолд Одон орон судлалын төвд том хүн 7000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр харах боломжтой юм байна.
Ж.Болор