Хөнгөн үйлдвэрийн техникийн парк байгуулах талаар саналыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн бөгөөд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Үндсэн чиглэлийн төсөлд Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгажээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 6 санал гаргаснаас 4 нь олонхийн дэмжлэг авч, хоёр санал дэмжигдсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн хавсралтын 4 дүгээр зорилтын 2 дахь хэсэгт “хөнгөн үйлдвэрийн техникийн парк байгуулах”, хавсралтын 16 дугаар зорилтын 3 дахь хэсэгт “гадаад худалдааг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх” гэж нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тогтоолын төслийн хавсралтын 12 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, хавсралтын 17 дугаар зорилтын 2 дахь хэсэгт “кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх” гэж тус тус нэмэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан юм.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Н.Туяа