АНУ 33.6 тэрбум долларын зэвсэг экспортолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-11-09 14:16:42

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2016 оны санхүүгийн жилд 33.6 тэрбум долларт хүрлээ гэж тус улсын Цэргийн хамтын ажиллагааны газар /DSCA/ мэдэгдэв.

Өнгөрсөн санхүүгийн жилд АНУ-ын зэвсгийн экспорт 46.6 тэрбум доллар байсан нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаатай холбоотой ажээ. Тус улсын албаны хүмүүс зэвсгийн борлуулалт буурна гэж таамаглаж байгаагаа өмнө нь мэдэгдсэн билээ.

Экспорт 13 тэрбум доллароор буурсан нь Цэргийн хамтын ажиллагааны газрын буруу биш юм гэж тус агентлагийн дэд захирал, адмирал Жозеф Рикси мэдэгдэв.

Катар, Бахрейн, Кувейтэд нийлүүлэх “F-35” сөнөөгч онгоцтой холбоотой асуудлыг энэ онд зохицуулж чадвал өнгөрсөн оны борлуулалтаас давах болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч болох АНУ энэ онд “GBU-10” зэрэг 785 сая долларын пуужин болон бөмбөгнүүдийг Арабын Нэгдсэн Эмирт улсад, 1.2 тэрбум долларын агаар-агаар ангиллын “AIM-120D” пуужингуудыг Австралид, 1.15 тэрбум долларын “M1A2S” танкууд болон “M88Al/A2” хуягт машинуудыг Саудын Аравид тус тус нийлүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ