Рио-де-Жанейрод төрийн албан хаагчид жагслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-09 10:36:33

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын Рио-де-Жанейро хотын санхүүгийн хямралыг зохицуулахад чиглэсэн хэмнэлтийн төлөвлөгөөг эсэргүүцсэн хэдэн мянган төрийн албан хаагчид жагсаал зохион байгуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт албан хаагчдын цалинг бууруулах зэргээр хэмнэлтийн арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүнээс гадна зарим төрийн албан хаагчид хэдэн сарын турш цалингаа аваагүй байгаа аж.

Өнгөрсөн даваа гарагт Бразилын Холбооны Засгийн газраас Рио-де-Жанейро мужийн банкны гүйлгээг хааж, өрөө төлөхийг шаардсан байна.

Гал сөнөөгчид, цагдаа, шоронгийн харгалзагчид зэрэг төрийн албан хаагчид Рио-де-Жанейро хотын Ассемблейн танхимын гадаа жагсчээ. Жагсаалын үеэр бага зэрэг эмх замбараагүй байдал үүсч, цонх хагалж, хаалга эвдэлсэн хэрэг гарсан байна.

Бразилын улс төрийн түүхэнд гарч байгаагүй, ардчилсан хууль дүрмийг гутаан доромжилсон хэрэг боллоо гэж хотын Ассемблейн дарга Хорхе Пициани жагсагчдыг буруушаажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ