Иргэдийг гамшгаас хамгаалахад сургах төв нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-08 15:22:01

Иргэдийг газар хөдлөлт, гал түймэр, үер зэрэг аливаа гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалахад сургах "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв" өнөөдөр нээлтээ хийлээ.

Сургалтын төв нь гамшгийн төрөл бүрт тохирсон сургуулийн танхимтай юм. Тухайлбал газар хөдлөлтийн танхим. Уг танхим нь суралцагчдад 8 баллын газар хөдлөлтийг мэдрүүлж, гэрлийн бүрхүүл унах, тааз нурах, ханын тавилга, сандал, ширээд унах зэргийг харуулдаг байна. Танхмийг Хятадын Сычуань мужийн туршлагад тулгуурлан бүтээжээ. Сычуань мужид 2008 онд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 69.2 мянган хүн амь үрэгдэн 18 мянган иргэн сураггүй алга болж, 288.4 мянган хүн бэртэж гэмтсэн.

Харин Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхимд зориулалтын хана, аврах ажиллагааны шат, олсыг бэхэлж суурилуулсан байна. Танхимд 15-аас дээш насны хүүхдүүд хадан хананд авирах, олсоор буух зэрэг дадлагыг хийж болох юм.

Гал унтраах тоног төхөөрөмж, галын хор зэргийг Утаат орчны дадлага хийх танхимд суурилуулсан байна. Энд иргэдийг гал гарсан үед орт хий утаанаас хамгаалах баг өмсгөж сургах, утаат орчноос өөрийгөө болон бусдыг аюулгүй гаргах зэрэгт сургах юм.

Мөн гамшгийн үед бэртэж гэмтсэн иргэдэд туслах Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхмыг тохижуулжээ. Хиймэл амьсгал хийх, булчин тариа хийх, шарх боох, цус алдалтыг тогтоох болон хугарсан гар, хөлийг чиг тавьж боох зэргийг энэ танхимд сургана.

Түүнчлэн байгалийн гамшгийн хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх кино, нэвтрүүлэг үзүүлэх 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий 3D бичил кино театр байгуулжээ.

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Алтай хотхоны баруун талд байрлаж буй Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв жилд 750 мянган иргэнийг сургах боломжтой аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ