“Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-11-08 12:21:39

СӨҮЛ. /Yonhap/. Прокурорууд мягмар гарагт Сөүл хот дахь “Samsung Electronics” компанийн төв байранд нэгжлэг хийлээ.

Учир нь, “Samsung Electronics” компани нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох Чой Сүн Шилийн охиныг хууль бусаар ивээн тэтгэж байсан гэж үзэж байгаа аж. Прокурорууд Сөүлийн өмнөд дүүрэгт орших тус компанийн төв байранд байдаг гадаад харилцааны асуудал эрхэлсэн албаны өрөөнд нэгжлэг хийсэн байна. Энэ үеэр “Samsung” болон Солонгосын Морин уралдааны холбооны хамтран хийсэн бизнестэй холбоотой баримт бичгүүдийг хураан авчээ.

Тус спортын холбоог Чой Сүн Шилийн охин Чүн Ё Ра-д хууль бусаар мөнгөн тусламж үзүүлсэн гэж үзэж байгаа ажээ. Прокурорын ярьснаар, “Samsung Electronics”-ийн  гадаад харилцаа эрхэлсэн захирал болон дээрх спорт холбооны ерөнхийлөгч Пак Сан Жин нарын оффист мөн нэгжлэг хийсэн байна.

Солонгосын хамгийн том компанийн төв байранд нэгжлэг хийсэн явдал нь өнгөрсөн найман жилийн хугацаанд болсон анхны тохиолдол юм.  “Samsung” компани нь зөвлөх үйлчилгээний төлбөр гэдэг нэрээр Чой-гийн эзэмшилд байдаг Герман дахь компани руу 2.8 сая евро шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь үнэн хэрэгтээ Чой-гийн охины морь унаж сурах сургалтыг санхүүжүүлсэн гэж прокурорууд үзэж байгаа юм.

Прокурорууд нэгжлэг хийхээс таван өдрийн өмнө ашгийн бус хоёр санд хэдэн арван тэрбум воныг хандивлахыг дотоодын компаниудаас шахан шаардахад Чой овогт болон ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга хоёр хамтран оролцсон гэх дуулианыг шалгахын тулд "Samsung" группын гүйцэтгэх захирал Ким-ийг байцаасан ажээ. Энэ их мөнгө хууль бусаар Чой-гийн халаасанд орсон гэж үзэж байгаа бөгөөд Чойг саатуулан хорьж байцааж байгаа билээ.

 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ