Унгарын парламентад цагаачдын асуудлаар санал хураалт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБУДАПЕШТ. /ВВС/. Унгарын парламент гадаадын иргэдийг улс орондоо орогнуулахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулах гэж байна.
Өнгөрсөн онд Европын Холбоо /ЕХ/ цагаачдын квотыг холбооны гишүүн бүрээр гаргасантай холбоотойгоор Унгарт уг санал хураалтыг явуулах аж. Квот ёсоор Унгар улс 1294 цагаачийг хүлээн авах ёстой юм.
ЕХ-ноос тогтоосон квотоос татгалзах эсэх асуудлаар олон нийтийн санал асуулгыг өнгөрсөн сард унгарчуудын дунд явуулсан боловч ирц хүрээгүй тул уг арга хэмжээг хүчингүй болсон билээ.
Квотыг хүчингүй болгох талаар Ерөнхий сайд Виктор Орбаны гаргасан уриалгыг унгарчуудын 98 хувь нь дэмжжээ. Гэтэл санал асуулгад иргэдийн 40.4 хувь нь оролцсон байна. Наад зах нь иргэдийн 50 хувь нь оролцож байж уг санал асуулга хүчин төгөлдөр болох ёстой байсан юм. Энэ санал асуулга нь цагаачдыг байнга эсэргүүцдэг Виктор Орбаны хувьд ялалт, ялагдлын аль аль нь болсон гэж “BBC” агентлагийн Европ дахь редактор Катя Адлер дүгнэжээ.
Санал асуулгын дүн миний талд гарсан гэж В.Орбан мэдэгдсэн боловч иргэдийн талаас илүү хувь нь санал асуулгад оролцоогүй билээ.
ЕХ-ноос тогтоосон квотыг Унгарын 3.3 сая иргэн эсэргүүцсэн нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна гэж Унгарын Засгийн газрын тэргүүн үзэж байгаа юм.
Д.Нямтулга