“Adidas” компани далайн хог хаягдлаар пүүз хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-08 10:07:05

ВАШИНГТОН. /the guardian/. Дахин боловсруулсан далайн хог хаягдлаар хийсэн “Adidas” загварын пүүзийг энэ сард худалдаж эхэлнэ.

Өнгөрсөн онд “Adidas” компани дахин боловсруулсан далайн хог хаягдлаар хийх гэж буй пүүзээ 3D технологи ашиглан танилцуулж байсан билээ. Тэгвэл одоо тус компани өөрийн салбар дэлгүүрүүд болон компанийн цахим хуудсаараа дамжуулан 7 мянган ширхэг хос пүүзийг 11 дүгээр сарын дундуур зарахаар төлөвлөөд байгаа юм. Нэг хос пүүз 200 евро буюу 220 долларын үнэтэй байх ажээ.

Далайн бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Parley for the Ocean” байгууллагатай хамтран уг пүүзийг үйлдвэрлэсэн байна. Пүүзний дээд хэсэг буюу улнаас дээш хэсгийн 5 хувийг дахин боловсруулсан полиэфирээр, харин Мальдивийн арлуудын орчмын далайн уснаас олдсон хуванцар хаягдлаар үлдсэн 95 хувийг нь хийсэн байна.

Нэг хос пүүз үйлдвэрлэхэд 11 ширхэг хуванцар сав орсон бөгөөд пүүзний өсгий, доторлогоо болон хоншоорыг хийхийн тулд дахин боловсруулсан материалуудыг ашиглажээ. Уг брэндийг “UltraBoost Uncaged Parley” нэртэйгээр худалдах бөгөөд энэ нь “UltraBoost” гэдэг нэртэй олонд танигдсан гүйлтийн хөнгөн пүүзийг сурталчилж, мөн байгаль орчныг хамгаалцгаая гэсэн утгыг илэрхийлэх ажээ.

Эхний ээлжинд борлуулах пүүзийг цөөн тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд цаашид олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж “Adidas” компани мэдэгдлээ.

“Бид 2017 онд далайн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулан 1 сая орчим ширхэг пүүз үйлдвэрлэх болно. Бидний туйлын зорилго бол хаягдал хуванцрыг манайд нийлүүлэх явдал зогсох хүртэл (өөрөөр хэлбэл, хуванцар хог хаягдал олдохгүй болох хүртэл) үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулах болно” гэж “Adidas” компанийн гүйцэтгэх захирал Эрик Лидтке ярьж байна.

Харин “Parley for the Oceans” байгууллагыг үүсгэн байгуулагч Сайрил Гутч ярихдаа “Далай тэнгисийг хэн нэгэн ганцаараа аварч чадахгүй. Далайн бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бид бүгдээрээ оролцох ёстой. Хаягдал материал, бүтээгдэхүүн  болон бизнесийн загваруудыг ашиглан дахин шинийг зохион бүтээх боломж бүтээлч салбарынхны гарт байна. Өөрчлөлт хийхийн төлөө хэрэглэгчид маань эрэлтийг нэмэгдүүлж чадна” гэлээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ